УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө нийгэм даяар шуугиан дэгдээгээд байсан МАН-ын удирдлагуудын гэх 60 тэрбумтай холбоотой бичлэгийн шүүхийн дүгнэлт гарчээ. Тодруулбал, тус бичлэгийг Шүүхийн шинжилгээний газраас шалгаж үзээд эвлүүлэг хэмээн дүгнэсэн байна.
Тиймээс эл асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдэгдлээ. Тэрээр "АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг УЕПГ хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-т шилжүүлжсэн. Тэндээс уг асуудлыг хянаж үзээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээж, тус газраас зохих шинжээч мэргэжилтэн томилуулж, бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна. Харин тус газраас бичлэг нь эвлүүлэг байна гэж дүгнэсэн байна. Мөн шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн нь тогтоогдоогүй. Ийм учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан" гэв.
МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын дуу хоолой бүхий 60 тэрбумаар төрийн албыг худалдаж авах тухай бичлэгийг АН-ынхан шалгуулахаа мэдэгдээд байсан. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр тухайн үед “МАН-ын удирдлагууд төрийн албыг хэрхэн наймаалцаж, үнэлсэн талаарх ноцтой баримтууд олдсон. Энэ асуудлыг зохих хуулийн байгууллагаар шинжлүүлэхэд тэдний яриа мөн болох нь нотлогдсон. Тиймээс УЕПГ болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т хандан, энэхүү асуудлыг үргэлжлүүлэн шалгахыг хүсч байна” гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Харин Ц.Сандуйгийн хувьд бичлэг цацагдсаны дараахан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "олон жилийн өмнөх бичлэг" хэмээн хүлээн зөвшөөрөөд байсан ч удалгүй тус намын удирдлагууд үүнийг эрс няцааж эхэлсэн юм.