-2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй амьдарна-
Дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрхдэг ч нийт усны зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдарна гэсэн Олон улсын байгууллагуудын тооцоо бий. Манай улсын усны нөөц 608.000 сая шоо метр. Үүний 10.800 сая шоо метрийг газрын доорх усны нөөц бүрдүүлдэг бол энэ усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0.0004-хөн хувийг бүрдүүлдэг аж.
Энэ бол мэргэжлийн байгууллагуудын сүүлийн 40 жилд хийсэн судалгааны мэдээлэл. Эдгээр баримт нь ундны усны зохистой хэрэглээг бий болгож, иргэдэд энэ талын мэдээллийг цаг алдалгүй бүрэн өгч байх ёстойг сануулсаар байна.
-Тоолууржуулалт 67 хувьтай байна-
2010 онд Монгол Улсын Засгийн газар Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Ус" үндэсний хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулсан юм. 2010 онд хэрэгжсэн хөтөлбөрийн нэгдүгээр үе шат 2015 онд дууссан бөгөөд хоёрдугаар үе шат нь 2016-2021 онд хэрэгжинэ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ундны усыг хэмнэх, хамгаалах зорилгоор хийгдсэн ажил нь айл өрх, албан байгууллагыг тоолууржуулах юм. Улсын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын 96.9 хувь нь тоолууржсан бол айл өрхийн 78.4 хувь нь тоолууржсан байгаа аж. 2016 оны нийт тоолууржуулалтын ажил 67 хувьтай байна.
-Улаанбаатарчууд ундны цэвэр усны нөөцийнхөө 20 хувийг сул асгаж, урсгасаар байна-
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нийтдээ 93 мянган өрх болон 7500 гаруй аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангаж ажилладаг. 2012 онд усны тоолуужилт 49 хувьтай байсан бол 2016 онд 67 хувьтай явж байна. Нийслэлийн хэмжээнд тоолуур тавиулаагүй байгаа 30 гаруй мянган айл өрхөө яаралтай тоолууржуулж амжихгүй бол Улаанбаатарчууд ундны цэвэр усны нөөцийнхөө 20 хувийг сул асгаж, урсгасаар байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Энэ асуудлаар мэргэжлийн байгууллагууд зөвлөгөөн хийж байгаа бөгөөд хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргэх юм байна.