Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн алба хаагчдын цалинг тодорхой түвшинд бууруулж, хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд олгох зэргээр зардлыг танаснаар эдийн засгийн хямралыг даван туулах бодлого баримтална гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр энэ асуудлаар сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Төсөв энэ байдлаар үргэлжилбэл төсвийн алдагдал ДНБ-ний 21 хувьтэй тэнцэнэ-

-Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?
-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Дэлхийн банктай хамтран ажиллаж л байсан.
-Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж ажилсан. Энэ юу болж байгаа вэ?
-Ажлын хэсэг гарсан. Одоогоор ажиллаж байгаа энэ талаарх мэдээллийг УИХ-ын чуулган дээр танилцуулах болно.
-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?
-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Төсвийн тодотголын хүрээнд шаардлагатай зардлуудыг оруулах, зарим үйл ажиллагааг хойшлуулах гэх мэтээр ажиллаж байна. Хэрэв төсөв энэ байдлаар үргэлжилбэл төсвийн алдагдал ДНБ-ний 21 хувьтэй тэнцэнэ.
-Нэг ам.доллар 2200 төгрөгт хүрлээ. Үүний шалтгаан нь юу вэ?
-Хэд, хэдэн учир шалтгаан бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ 2013 онд валют огцом өсч байсан. Тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3 их наяд төгрөг хэвлэж гаргасантай холбоотой байдаг. Тэгвэл энэ байдал өнөөдөр давтагдаж байна. “Сайн” хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хүрээнд 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан. Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн хэд хоногийн дотор дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Хоёрдугаарт, Гадны хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална.
- Яг нэг жилийн өмнө та Сангийн сайдаар ажиллаж байсан. Сая ярьснаас тань дүгнэвэл таныг Сангийн сайдын албан тушаалаа өгснөөс хойш улсын төсөв замбараагүй болсон юм байна гэж ойлголоо. Ер нь таныг Сангийн сайдаар ажиллаж байхад төсөв ямар байдалтай байсан юм бэ?
-Би “Намайг Сангийн сайдаар очиход их сайхан байж байгаад бууснаас хойш муухай болсон” гэж огт хэлээгүй. Ажил авахад хүнд л байсан. Эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн байдал хүндэрсэн байна гэдгийг тухайн үед хэлж байсан. Төсөв хэтрээд, өрийн хэмжээ хэтэрсэн байсан учраас Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулсан. Мөн Эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний хөтөлбөрийг батлуулж байсан. Өрийнхөө таацыг өөрчилж байсан. Төсвийг эрүүлжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Миний үед дөрвөн төсвийг зогсоож нэгдсэн нэг төсөвтэй болгосон. Олон замбараагүй зүйлийг цэгцэлсэн. Хамтарсан Засгийн газрын үеийн бодлогоо хэрэгжүүлээд явсан бол эдийн засаг энэ хэмжээнд хүрчихгүй байсан юм. Бид нэг жилийн хугацааг алдсан байна.
- Төрийн өндөр албан хаагчдын зардлыг хэр багасгах вэ?
-Өндөр, намхан гэж ялгахгүй шаардлагатай бүхий л зардлыг хасна. Тэвчих ёстой зардлуудаа тэвчих ёстой. 2017 оны Төсвийн тодотголоор томоохон бодлогын өөрчлөлтүүдийг хийнэ.
-Хүүхдийн мөнгө болон оюутны 70 мянгыг зорилтот бүлэгт өгнө-

- Хавтгайрсан халамжуудыг багасгана гэсэн байна. Үүнд оюутны 70 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө орох уу?
Хүүхдийн мөнгө болон Оюутны 70 мянган төгрөгийг зорилтот бүлэг буюу өгөх ёстой хүндээ өгье гэсэн бодлогыг баримтална. Хүүхдийн мөнгийг төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан. Сонгуулийн өмнө хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг засгийн газраас барьж ажиллана.
-Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг хасахаар тусгаж өгөх үү?
-Төрийн албан хаагчдын цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Цалингийн түвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй гэсэн баримталж байгаа.
-Bank of china”-аас зээл авах асуудлыг судалж байна-

-Ипотекийг зээлийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудалд засгийн газраас ямар байр суурь илэрхийлэх бэ?
-Барилга хот байгуулалтын яаман дээр салбарын сайдаар нь ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ипотекийн зээлийг цаашид ямар хувилбараар олгож болох асуудлыг судлаж байна. Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талөайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал хүсэлт маш их ирдэг. Энэ бүх асуудлыг бодлогны хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкин дээр мөнгө хэвлэж эх үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд үргэлжлүүлэх үү гэдгийг засгийн газрын түвшинд шийднэ.
-Эрх баригч нам мэргэжлийн засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эсрэг томилгоо хийгдлээ гэсэн шүүмжлэл явж байгаа. Та танхимын сайд нараа хэрхэн дүгнэж байгаа бэ?
-Манай засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж би харж байгаа. Төрд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай сайн менежмет хийнэ гэдэгт итгэлтэй байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл явж байна. Ийм асуудлууд дээр би тайлбар хиймээргүй байна. Ер нь МАН хуулиа дээдлэх замаар л томилгоогоо хийж байгаа.
-“Bank of china”-аас засгийн газар зээл авна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нэгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид эдгээр банкуудыг судалж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана.