
Эзэн Чингисийн талбайд 750 байлдагч эх орон дуудсан цагт хэзээд бэлхэн гэдгээ андгайлж, эр цэргийн тангараг өргөлөө. Эх орныхоо энхийн манаанд зогсож байсан үе, үеийн эгэл жирийн, эр цэргийн тоо ийнхүү өнөөдөр 1000 оюутан цэргээр эгнээгээ шинэчиллээ.
-Б.Билгүүн: Цэргийн алба хаах миний мөрөөдөл байсан-
Би АНУ-ын Америкийн их сургуулийн оюутан. Харин цэрэгт тавдугаар ротын дөрөвдүгээр салаанд бэлтгэл сургуулилт хийсэн. Өнөөдөр тангаргаа өргөлөө. Сэтгэгдэл маш өндөр байна. Яагаад энэ хөтөлбөрт хамрагдах болсон бэ гэвэл нэгдүгээрт иргэнийхээ үүргийг гүйцэтгэж байна. Хоёрдугаарт цэргийн алба хаана гэдэг миний мөрөөдөл байсан. Олон зуун жилийн түүхтэй, Чингис хаан, Хүннүгийн үеэс уламжлалтай ардын армид зүтгэнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ бол миний мөрөөдлийн нэг хэсэг байсан. Бид буудлага хийж, базукаар буудаж, сонс эргэж сурсан. Өөр олон зүйлийг сурлаа. Анх нэгхэн километр гүйгээд бахарддаг байсан бол одоо 30 гаруй километрт торохгүй маршид гүйдэг болсон. Эр цэргийн алба гэдэг бол тэсвэр тэвчээрийн алба байдаг юм байна. Эхлээд АКА 47 буугаар буудахад үнэхээр зүрх савлаад бие чичрээд үнэхээр эвгүй санагдсан. Залуу хүмүүс бидний ойлгодог буунаас шал өөр байсан шүү. Эхэндээ чих дүнгэнээд л юм сонсож чаддаггүй байлаа. Хоёр дахь, гурав дахь буудлагаас гайгүй болж эхэлсэн" хэмээн онцлон ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр өнөө гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж 4000 гаруй оюутан бүртгүүлснээс 1000 нь цэргийн албаа хаалаа. Тэднээс 741 оюутан Улаанбаатар хот, Батлан хамгаалахын их сургуулийн “Сургалт дадлагын төв”-д, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь Зэвсэгт Хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан хамрагджээ. Дорнод, Ховд аймгийн алба хаагчид маргааш тангараг өргөх бол Улаанбаатар хотын 741 оюутан өнөөдөр тангараг өргөлөө.

“Оюутан цэрэг”-ийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын хүмүүс болон оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцов.

Энэ жилийн оюутан цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлээр жагсаалын бэлтгэл, биеийн тамир, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, галын бэлтгэл, тактикийн бэлтгэл, цэргийн байр зүй, амьд гарах ухаан зэрэгт суралцсан байна. Мөн байлдааны буудлагатай хоногийн хээрийн сургуулилт хийжээ.
-Г.Мягмаржав: Оюутан цэрэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо өссөөр байгаа-

Энэ талаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, ШУ-ны доктор, профессор Г.Мягмаржав “Бүтэн жилийн хугацаанд судлах ёстой цэргийн программыг дөрвөн сарын хугацаанд 75 хувьтай эзэмшүүлж цэргийн үндсэн суурь мэргэжил болох “буудагч” гэсэн мэргэжлийг эзэмшүүлэн төгсгөлөө. Батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн сургалт явуулсан. Үүнээс гадна БХИС энэ жил төгссөн, өнгөрсөн жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залуу дэслэгч нарыг авч ажиллуулсан. Мөн тус сургуулийн өндөр зэрэглэлийн доктор, профессоруудыг зөвлөх багшаар ажиллуулсан. Тийм учраас энэ жилийн сургалт маш үр дүнтэй болсон. Цэргүүд маань 72 цагийн хээрийн сургалт хийж хээр хонолоо. Энэ үеэр гал гаргаж, ус туулж, анх удаа нуугдах нүх ухах зэрэг ер нь цэрэг хүн юу үзэх ёстой тэр бүгдийг өөрийн биеэр амтлуулж, үзүүлснээрээ энэ сургалт их ач холбогдолтой боллоо. Цаашид энэ цэргүүд дайчилгааны нэгдүгээр үүрэгтэнгүүд болоод 3-5 жилийн хугацаанд сурсан үндсэн мэргэжлээрээ холбооны инженер зэргээр дайчилгааны мэргэжлээр ажиллах боломжтой. Жил ирэх тусам оюутан цэрэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо өссөөр байгаа нь энэ жил гэхэд л 4000 гаруй оюутан бүртгүүлснээс харж болно. Гэвч эдгээр оюутнуудаас шүүн эрүүл мэндийн үзлэгт оруулан 1000 оюутанг л хамрууллаа. Их дээд сургууль, эцэг эхүүдийн зүгээс ч бидэнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр залуус эрдэм номдоо шамдан суралцах, бие даах чадвар болон бие бялдрын хувьд ч бүрэн дүүрэн хөгжиж байгааг онцлон хэлж цаашид хөтөлбөрийг өргөн хүрээнд зохион байгуулаач гэсэн хүсэлтийг байнга тавьж байгаа” хэмээв.
-О.Пүрэвням: Хүүгээ тангараг өргөхийг хараад эргээд цэрэгт очсон юм шиг л сайхан байна-

О.Пүрэвням: Манай хүү Батлан хамгаалах их сургуулийн 3 дугаар курст инженерийн ангид суралцдаг. “Оюутан цэрэг” хөтөлбөр бол маш зөв зүйтэй ажил юм. Бидний хүүхэд адилхан л эр цэргийн алба хааж байна шүү дээ. Цэргийн албаа хааж байхад нь эргэж очсон. Залуус их өнгөлөг байсан. Би 1995 онд Халхголд нэг жил цэргийн алба хаан нийслэлд цэргийн ангид ажиллаж байгаад өдгөө цэргийн гавьяаныхаа амралтад сууж байна. Манай гэр бүлийн хүн бас цэргийн албанд ажилладаг. Тэр ч утгаараа хүү маань удам дамжсан цэргийн албан хаагч болж байгаа. Өнөөдөр хүүгээ тангараг өргөхийг хараад эргээд цэрэгт очсон юм шиг л сайхан санагдаж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын шалгалт, шалгуурыг давж өнөөдөр цэргийн тангараг өргөсөн залуусын 90 гаруй хувь нь онц, сайн дүнтэй суралцаж, 200 гаруй оюутан “Онц буудагч” дүнтэй төгсчээ

Сонирхуулахад, “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хааж, хөтөлбөрийн санхүүжилтэд улсын төсвөөс 2014 онд 721 сая, 2015 онд 835,1 сая, 2016 онд 835,1 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.







