Өнгөрсөн онд микро автобуснуудыг үйлчилгээнээс хасах талаар ярьж эхэлсэн билээ. Учир нь тээврийн хэрэгслийн насжилт нь 12 жилээс дээш бол үйлчилгээ эрхлэхийг хориглосон байдаг. Тиймээс энэ сарын 1-нээс микро автобуснуудыг дээрх үзүүлэлтийн дагуу 45 орчим микро автобус үйлчилгээнд үлдэн 176 микро автобусыг үйлчилгээнээс хасжээ. Тэдгээр 45 микро автобус нь том, дунд оврын автобустай чиглэл давхцахгүйгээр иргэдийг тээвэрлэж байгаа аж.

Тодруулбал, 2003 оноос хойш үйлдвэрлэсэн шаардлага хангасан “Стана”, “Старикс”-ууд үйлчилгээнд явж байгаа бөгөөд зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн XXIII, Баянгол дүүргийн XXII хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд үйлчилж байгааг албаныхан дуулгалаа.