Хотын дарга асан Э.Бат-Үүл зургаан орлогчтой ажиллаж байсан. Үүнийг төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж, хэт данхар бүтэцтэй ажиллаж байна хэмээн МАН-ынхан сөрөг хүчин байхдаа шүүмжилж байсан удаатай.
Тэгвэл Хотын шинэ дарга С.Батболд дөрвөн орлогчтой ажиллахаар болоод байна. Түүнийг Э.Бат-Үүлийн дор ажиллаж байсан зургаан орлогчийг халсны дараа хоёр орлогчтой ажиллана гэх мэдээлэл хэвлэлээр гараад байсан. Гэвч тэрээр нийслэлийн удирдлагын бүтцийг ердөө хоёроор бууруулсан юм.
Ингээд Хотын дарга С.Батболдыг орлож ажиллах дөрвөн эрхмийг танилцуулж байна. Тэд энэ сарын 09-ны өдрөөс эхлэн албан тушаалдаа томилогдоод буй.
1. Нийслэлийн Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Энхтөр
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Д.Энхтөрийг томиллоо.
Д.Энхтөр нь Ховд аймгийн Дарви сумын 10 жилийн сургууль, Нийслэлийн 10 жилийн 72 дугаар сургууль, Цэргийн нэгдсэн сургуулийн Армийн доторх нам, улс төрийн ажилтны ангийг 1988 онд, ОХУ-ын Иваново хотын Нэхмэлийн академийг үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн байна. Тэрээр улс төрч, нийгмийн ажилтан, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй аж.
1988-1992 онд Дорноговь аймгийн Зүүнбаян АА-ийн 131 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч,
2008 оноос хойш тэрээр нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаа юм байна. Мөн МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчийн сонгуульт ажилтай аж.
2. Нийслэлийн гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ш.Анхмаа
Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Ш.Анхмааг томиллоо.
Ш.Анхмаа нь нийслэлийн 13-р дунд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС, БНХАУ-ын Бээжин хотын Хэл, соёлын дээд сургууль, АНУ-ын Хавай институтийн “Эмэгтэй манлайлагч” хөтөлбөрийг төгссөн. Багш, эрхзүйч мэргэжилтэй юм байна.
2016 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
3. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Ж.Батбаясгаланг томиллоо.
Ж.Батбаясгалан нь Москва хотын 779-р сургууль, нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант аж.
2016 оны НИТХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр, НИТХ-ын анхны хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон байна.
4. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо.
П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой аж.
2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.