Барилга хот байгуулалтын дэд сайд М.Батбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Т.Аубакар, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр нарыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учир Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилохоос татгалзаад байгаа.
Анх МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудыг тодруулахдаа энэ хүмүүсийн материалыг хууль хяналтын байгууллагаас зөрчилтэй гэж үзвэл Ерөнхий сайд дэд сайдуудаа өөрөө томилно гэж тогтжээ. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Барилга хот байгуулалтын дэд сайдад Зүүний хүчний холбооны хүнийг томилохоор болсон гэх мэдээлэл байна.
Гадаад харилцааны дэд сайдад нэр нь яригдаж буй Б.Батцэцэг нь НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Хангайн бүсийн дарга бол Ж.Сауле НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн юм. Энэ хоёр М.Энхболдын хүн гэгддэг. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга хот байгуулалтын дэд сайдад У.Хүрэлсүхийн фракц болох Зүүний хүчний холбооноос хүн томилохоор болсон байна.
Энэ удаагийн дэд сайдуудад Зүүний хүчний холбооны хүн цөөнгүй байгаа юм. Томилогдсон дэд сайдуудаас дурдвал Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нарыг дурьдаж болох.
Гурван дэд сайдыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар томилохоор болсон гэх. Энэ хооронд дундуур нь ямар нэг “наймаа” орохгүй бол тэднийг томилно гэдгийг холбогдох эх сурвалж хэлсэн.
Харин ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн Т.Аубакарын хувьд Казакстан улсад амьдардаг. Өнгөрсөн Засгийн газрын үед МАН засагт хамтрахад Казакстанаас ирж Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, мониторонгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-нд элсээд гурав орчим жил болж байгаа хүн юм байна. Тэрээр газар тариалангийн компанитай байсан нь дэд сайдад томилогдоход харшилжээ.
Гурван дэд сайдыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар томилохоор болсон гэх. Энэ хооронд дундуур нь ямар нэг “наймаа” орохгүй бол тэднийг томилно гэдгийг холбогдох эх сурвалж хэлсэн.
Гадаад харилцааны дэд сайдад горилж байсан Г.Тэнгэр С.Баярын хүн юм. Түүнийг Японд ажиллаж амьдарч байхад нь Ерөнхий сайд асан С.Баяр айлчлалаар очихдоо эх орондоо ирж, ажиллах санал тавьсанаар Монголд ирсэн гэдэг. Тэрээр удаа дараагийн сонгуульд намын штабт ажиллаж байсан нэгэн аж. М.Батбаяр, Г.Тэнгэр нарыг Т.Аубакарын нэгэн адил ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн.
Нөгөөтэйгүүр МАН-ын дарга өөрт таалагдахгүй хүндээ энэ ашиг сонирхлын зөрчилтэй гэх “малгай”-г өмсгөж байна уу даа гэж харагдах. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өмнө нь сайдад горилж байсан Ж.Цолмонтой адил хувийн эмнэлэгтэй байсан. Өмнөх Засгийн газрын үед Х.Баттулга ҮХАА-н сайд хоёр жил хийсэн. Тэр хувьдаа газар тариалан, гурил, талх чихрийн компанитай байсан. Энэ нь мөн л ашиг сонирхлын зөрчил байв.
Үүнээс эрх барьж буй намын даргад “таалагдсан” хүн ногоон гэрлээр явах визтэй бол таалагдаагүй хэсэг нь тойргийн гадна үлдэж байгааг харж болно.
.