
Монголын жүдо бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий. Тэдний нэг бол яах аргагүй ДАШТ-ий хүрэл медальт,гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа билээ. Тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан.
Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий. Тэдний нэг бол яах аргагүй ДАШТ-ий хүрэл медальт,гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа
Хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Каори Мацумотод дийлдсэн ч, дагах барилдаанд Португалийн Т.Монтейрог, хүрэл медалийн төлөөх барилдаанд Канадын Кэтрин Бушемин-Пинардыг ялж, 2014 оны “шарх”-аа нөхсөн юм. Учир нь, тэрээр 2014 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, медалийн оосроос атгаад алдсан. Харин тийнхүү өмнөх жилийн алдаагаа зассан нь тэр.

Түүний хувьд өнгөрсөн жил амжилтын арвин “ургац” хураасан жил болсон. Хамгийн онцлууштай нь “Чингис хаан” гран при, оюутны дэлхийн Универсиад наадам. Хоорондоо хэдхэн хоногийн зайтай болсон эл хоёр тэмцээнд Д.Сумъяа дараалан түрүүлснийг манай уншигчид андахгүй. Тэгэхдээ бүр “Чингис хаан” гран прид олимп, дэлхийн аварга К.Мацумотог ялж, аваргалан монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн. Дэлхийн хэмжээний ийм том хоёр тэмцээнд дараалан түрүүлнэ гэдэг амаргүй, түүний дэлхийн энтэй жүдочийн илрэл.
Д.Сумъяагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр засаг үнэлж, шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Эл шагнал залуу жүдочид цаашид улам их хичээх урам өгсөн нь дамжиггүй.

Чансаагаараа жин тус бүрт эхний 16-д шалгарсан шилдэг жүдочид урилгаар оролцдогоороо онцлог “Мастерс” тэмцээнд гурван удаа түрүүлсэн бахдам амжилт түүнийх.
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат тэрээр 16 настайгаасаа хойш жүдо бөхөөр хичээллэж байна.Түүний аав Доржсүрэн залуудаа чөлөөт бөхөөр шаггүй барилддаг байсан нь Д.Сумъяаг жүдо бөхийн спорттой амьдралаа холбоход чамгүй их нөлөөлсөн байх. “Монгол охид”-ийн Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат нараар жүдо бөхийн “А” үсэг заалгасан тэрээр өдгөө жүдо бөхийн амьд домог Х.Эрдэнэт-Од гавьяатаар бөхийн эрдэм заалгаж, арга туршлагаас нь суралцаж байна.

Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од гавьяатын барилддаг байсан 57 кг-д зодоглон, багшийнхаа үргэлжлэл болж явааг нь онцлохгүй байхын аргагүй. Тэрээр 2009 оны “Чингис хаан” гран пригаас мөнгөн медаль хүртсэн нь түүний хамгийн анхны амжилт.
Д.Сумъяа сүүлийн таван жил УАШТ-д “босоо” байна. Тэрээр 2012 оноос хойш УАШТ-д дараалан түрүүлж, 2013 онд шилдэг тамирчнаар шалгарсан юм. Мөн тэрээр самбо бөхийн ДАШТ-д гурван жил дараалан түрүүлээд байна.

Энэ жилийн Азийн АШТ-ээс манай жүдочид дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэн, түүхэн амжилт үзүүлсэн. Тэдгээр аваргын нэг нь Д.Сумъяа байлаа. Алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Жан Дийг вазари үнэлгээгээр ялсан тэрээр Азийн АШТ-д анх удаа түрүүлсэн нь энэ. Тэрээр тус тэмцээнээс 2012-2014 онд дараалан хүрэл медаль хүртсэн юм.

Өдгөө дэлхийн чансааг өнгөлж буй Д.Сумъяа “Рио-2016” олимпийн дэвжээнд өнөөдөр өрсөлдөнө. Манай тамирчдаас медаль авах гол найдваруудын нэг тэрээр эхний тойрогт хийлж, удаах даваанд Нидерландын Санне Вераген, Сенегалын Хортанс Дедоу нарын ялсантай нь хүч үзэх юм.
Монгол хүн бүхэн дээлийн тань захыг мушгин, олимпийн аварга болоорой хэмээн ерөөл өргөж суугаа нь мэдээж.
Доржсүрэнгийн Сумъяадаа амжилт хүсье.