“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн “Алдрын Од” одонгоор шагнадаг болсон билээ.
Тэгвэл энэхүү нэр хүндтэй шагналын эздээр “Харанга” хамтлагийнхан тодрон өнөөдөр Соёлын төв өргөөний үүдэнд хамтлагийн нэрээ мөнхлөн Нийслэлийн засаг дарга С.Батболдоос шагналаа гардан авлаа.
“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: “Сэтгэл маш өндөр байна. Ард түмэн төр засгаар хийсэн бүтээснээ үнэлүүлэн энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Энэхүү шагналын бидэнд цаашид өшөө илүү олон уран бүтээл туурвин ард түмэндээ толилуулаарай хэмээн өгч байгаа шагнал гэж ойлгож байна.
Х.Лхагвасүрэн: Маш сайхан байна. Бид өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө мөрөөдлөөр явсан. Биднийг сайн явсан юм байна гэж өнөөдөр төр засаг түмэн олон сайхан арга хэмжээндээ оролцуулж “Алдрын од” шагналыг гардуулж байгаад баяртай байна. биднийг дэмжиж явдаг дуу хуурыг маань сонсдог бүх хүмүүст өнөөдөр бидний хамтын баяр шүү гэж хэлмээр байна”.
Н.Пүрэвдаш: Өнөөдөр хийсэн уран бүтээлийнхээ үр шимийг хүртэн ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэж “Алдрын од” шагналаа гардан авлаа. Магадгүй энэ шагнал бидэнд цаашид өшөө олон уран бүтээл гаргаж өг гэдэг үүрэг өгсөн болов уу гэж бодож байна. Урлагийн хүн бол ард түмнийхээ төлөө уран бүтээлээ туурвидаг шүү дээ.
Я.Одсүрэн: Нас бодохгүйгээр та бүхэндээ уран бүтээлээ хийж ард түмэндээ толилуулна. Би рок гэдэг энэ урлагийг төр засаг ард түмэн маань үнэлж бидэнд урам өгч байгаад маш их баярлаж байна.
Ц.Чулуунбат: Орчин үеийн хөгжмийг үнэлдэг болсон байна. Үнэхээр нэгэн зүгт нэгэн алхаа, нэгэн амьсгаагаар 40 жилийг хамтдаа өнгөрүүлсэн хамт олонтойгоо өнөөдөр “Алдрын од” шагналыг хүртэж байгаа нь бидний хувьд маш баяртай үйл явдал. Орчин үеийн хөгжмийн урлаг бол социализмын үед дарга нарын зугаа цэнгэлийн урлаг байсан. Өнөөдөр үнэхээр ард түмний сонсох, үзэх дуртай урлаг болтлоо хөгжсөнд “Харанга” хамтлагийн томоохон хувь нэмэр байгаа. Дээрээс нь бидний он удаан жил хамтдаа байсны хүч хөдөлмөр гарч байна гэж бодож байна.
Өнөөдөр 21:00 цагаас “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох юм. Мөн тоглолтын үеэр “Харанга” хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцох нь ээ.