ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Рио-де-Жанейро хотноо болох зуны XXXI олимпийн наадмын нээлтэд оролцохгүй гэнэ. Түүний хэвлэл мэдээллийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр “Тасс” агентлагт "Ерөнхийлөгчийн цагийн хуваарьт олимпийн наадмын нээлтэд оролцох талаар тусгагдаагүй. Энэ өдөр тэрээр ажил хэргийн уулзалттай" хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн тэрээр Ерөнхийлөгч Путин Риогийн олимпийн наадмын аль нэг төрөлд хүрэлцэн ирж, баг тамирчдаа дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэв.

Сэргээш хэрэглэсэн хэргээр Оросын тамирчид энэ зуны олимпод оролцох үгүй нь эргэлзээтэй байсан ч өчигдөр Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл шийдвэрээ өчигдөр гаргасан. Ингэснээр Гүйцэтгэх зөвлөл ОХУ-ын багийг "Рио-2016"-д өрсөлдөж болно хэмээсэн. Гэхдээ тухайн спортын олон улсын холбоод нь ОХУ-ын тамирчдыг оруулах эсэхийг шийдэх аж. Одоогоор ОУ-ын спорт холбоодын зарим ОХУ-ын тамирчдыг олимпод оруулна гэж зөвшөөрчээ. Тухайлбал, жүдо, чөлөөт, бокс, волейбол, бадминтон, гимнастик зэрэг 14 холбоо оросын тамирчдын оролцох эрхийг өглөө. Зарим ОУ-ын спорт холбоод шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ОХУ-ын тамирчдыг олимпод оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тиймээс хөнгөн атлетикчид болон усан сэлэлтийн тамирчид олимпод эрхээ хасуулсан хэвээр байгаа юм.

Оросын Спортын сайд болон албаны бусад хүмүүс энэхүү шийдвэрийг улс төрийн томоохон тоглоом, Оросуудыг, Оросын тамирчдыг л Олимпийн наадамд оролцуулахгүй байх гэсэн урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа хэмээн үзэж буйгаа удаа дараа мэдэгдээд байгаа юм.
