
Хятадын тэрбумтан, дэлхийн цахим худалдааг атгасан “Alibaba”-ийн эзэн Жек Ма өнөөдөр Монголд иржээ. Тэрээр Монголд амрахаар ирж байгаа бөгөөд “Хаан жимс” амралтын газар тухлахаар болсон байна
Жек Ма ийнхүү манай улсад зочилсон нь энэ зуны хүндтэй зочдын нэгд яахын аргагүй багтаж байна. Тэрээр дөрөв хоноод буцах аж. Энэ хугацаанд Жек Ма технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц унших юм байна. Тэгвэл Жек Ма гэж хэн бэ. Түүний талаар сонирхолтой түүх өгүүлье.

-30 ажилд гологдсоны эцэст тэрбумтан болсон Жек Ма-

Азийн тэрбумтан Жек Ма бол бүх цаг үеийн олон бизнесмэн илүү эрч хүчтэй босохын тулд унах хэрэгтэй болдгийн нэг жишээ юм. Хятадын интернэт худалдааны хамгийн том веб сайтыг үндэслэгч Жек Ма эхэндээ олон ажилд гологдож явсан юм.
Эдүгээ Хятадын хамгийн баян хүн болоод байгаа тэрээр Alibaba-г үүсгэн байгуулахаасаа өмнө “За, дараа тань руу залгая” гэдэг үгийг 30 орчим ажил олгогчоос сонсож байжээ.
24 хүн өргөдлөө өгөхөд 23 нь тэнцээд би ганцаараа гологдож байлаа
Ма Америкийн сэтгүүлч Чарли Роузт өгсөн ярилцлагадаа, ажил олгогчдыг царайчлан, гологдож явах нь бараг л хэвийн үзэгдэл болоод байсан тухай онцолсон байна. Нэг удаа цагдаагийн албанд ажилд орохоор очиход “Хангалттай сайн бие бялдартай биш байна” хэмээн буцаасан аж. Зарим үед ажилд шилж сонгогсод түүнд ихэд бүдүүлэг, харгис ханддаг байв. “KFC манай хотод орж ирсэн тул тэнд ажилд орохоор очлоо. 24 хүн өргөдлөө өгөхөд 23 нь тэнцээд би ганцаараа гологдож байлаа” хэмээн Жек Ма ярьж байна. Эдүгээ 50 настай Ма Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотын уугуул юм.
Тэрээр интернэт худалдааны "Alibaba" сайтаа нээсэн эхэн үед бас л олигтой байсангүй. “Эхэн үедээ зөвхөн яаж тэсч үлдэх вэ гэж чардайдаг байлаа. Эхний гурван жилд ямар ч ашиг олоогүй” хэмээн Ма өгүүлэв. Эдүгээ Хятадын интернэт дэлгүүрийн манлай болоод байгаа түүний компани 2001 онд АНУ-аас гурван сая долларын санхүүжилт олох гээд бүтэлгүйтэж байсан гэдэгт итгэх аргагүй. “Гэсэн ч бид бууж өгөөгүй. Буцаж очоод 25 саяыг олчихоод ирсэн” хэмээн ярилаа.
Бизнесийн амжилтын мөн чанар нь мөнгөнд бус, тоонд ч бус харин өдөр бүр хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн зүгээс нэмэгдэж буй итгэл
Өнөөдөр Alibaba компани өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж, арилжаа наймаанд нь зуучилж байгаа аж. Тус компанид данстай 30 мянган ажилчин байгаагийн зэрэгцээ Хятадад шууд болон шууд бусаар 14 сая ажлын байр бий болгож байна. Жек Магийн хувьд бизнесийн амжилтын мөн чанар нь мөнгөнд бус, тоонд ч бус харин өдөр бүр хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн зүгээс нэмэгдэж буй итгэл ажээ.
“Алибаба” онлайн худалдааны сүлжээ хамгийн том мөнгөн дүнтэй IPO хийсэн гэдгээрээ дэлхийн түүхэнд үлдэнэ. Жек Ма компанийнхаа хувьцааг Нью-Иоркийн Хөрөнгийн бирж дээр анх гаргахдаа 21 тэрбум ам.доллар олно гэж тооцож байсан ч 25 тэрбумыг босгож чадсан юм.
-Ханчжоугийн ядуу хүү Ма Юнь-ий хэрхэн Жек Ма болов...-

Өөрөөсөө том хүүхдүүдтэй гар зөрүүлэхдээ айхыг мэддэггүй хүүг хөршүүд нь яршигтай чалчаа, тэрслүү гэж шүүмжилдэг байжээ. Муу сурдаг, тэрслүү жаалд нэг гайхмаар тал байж. Тэр англи хэл сурах гэж ёстой л дурлан тэмүүлдэг байсан гэдэг. Хүү зочид буудлын гадаа жуулчдыг хүлээж байгаад англиар яриа өднө. Сүүлдээ бүр найз болох хэмжээнд яриа хөөрөө өрнүүлдэг болж. Жек гэдэг нэр нь ч эндээс эхтэй. Жуулчдын өгсөн энэ нэрээр тэр дэлхийд аль хэдийнэ танил болчихсон нэгэн.
Дунд сургуульд байхдаа тийм ч толгой сайтай байгаагүй Жекийн дээд сургуульд орох зам дардан байгаагүй гэдэг. Бээжингийн их сургуульд элсэхээр математикийн шалгалт өгөхөд ганцхан оноо авч байсан түүх намтарт нь бий. Дараа жил нь дахин элсэх гэж оролдоод бүтэлгүйтсэн залуу Багшийн сургуульд элсэж англи хэлний багшийн мэргэжил эзэмшжээ. Тэрээр англи хэлний багшаар ажиллаж байсан аж.
Дуртай ажлаасаа олдог мөнгө нь хэтэрхий бага. Сард ердөө 12-хон ам.долларын цалин авч байсан учраас 1992 онд найзуудтайгаа хамт орчуулгын товчоо ажиллуулж эхэлж. Энэ нь бас л бүтэлтэй болсонгүй. Ингээд наймаа хийх шийдвэр гаргажээ. Энэ удаа харин бүтэлтэй, чамлахааргүй мөнгө олсон гэдэг.
Түүний намтар үүнээс хойш Америкт интернэт кафе ажиллуулсан, интернэт кафедаа орчуулга хийсэн, нутагтаа буцаж ирээд Хятадын шар хуудсууд нэртэй сурталчилгаанаас санхүүждэг лавлах сайт нээсэн гэх мэтээр үргэлжилжээ.
Харин 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь дэлхийг хэрсэн бизнесийнх нь амжилттай эхлэл болж. "Yahoo" Алибабагийн хувьцаа эзэмшигч болсон байна. Жилийн дараа тэр найзуудтайгаа нийлж alibaba.com-оо нээжээ. Сайт нь 60 мянган ам.доллараар бүтсэн гэдэг.

Аlibaba.com-д "Goldman Sachs" банк таван сая ам.долларын хөрөнгө оруулсан бол Японы "Softbank" хувьцааных нь 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авч байжээ. Жек Магийн сайт гурван жилийн дараагаас ашгаа өгч эхэлжээ.
Сонирхуулж хэлэхэд, тэр санамсаргүй тохиолдлоор цахим худалдааны чиглэлээр ажиллахаар шийдсэн гэдэг. 1995 онд АНУ-д анх очиж л дээ. Сиэтл хотод жижигхэн оффистой танилтайгаа уулзах үеэрээ интернэт гэдэг зүйлтэй танилцсанаа дурссан байдаг. Интернэт гэж юу болох талаар танилаасаа асуухад “Зүгээр л хүссэнээ эрж хай” гэжээ. Түүний хамгийн анх хайлт хийсэн үг нь “шар айраг”. Орон орны шар айрагны зураг янз бүрээрээ гарч ирсэн ч Хятадынх гарч ирээгүйд ихэд гайхаад өөр зүйлсийг хайж гарчээ. Мөн л Хятадын гэх зүйлс олдсонгүй. Интернэт гэдэг том зах зээлд Хятадын өрсөлдөгч байхгүй гэдгийг олж харсан залуу ямар ч эргэлзээгүйгээр санаагаа ажил болгохоор зориг шулууджээ.
Шантрахыг мэддэггүй Жек Магийн бизнесийн бас нэг үндэс нь Хятадын хамгийн том жижиглэнгийн худалдааны онлайн сайт taobao.com.
Шантрахыг мэддэггүй Жек Магийн бизнесийн бас нэг үндэс нь Хятадын хамгийн том жижиглэнгийн худалдааны онлайн сайт taobao.com. “Yahoo” 2005 онд энэ сайтын хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авч байв. Өнгөрсөн жилд гэхэд л taobao.com хамгийн олон хэрэглэгч хандсан арван цахим хуудсанд багтсан юм. “Алибаба” группийн зөвхөн Хятадад онлайн худалдаа хийдэг энэ сайтаар 760 сая бараа худалдаалагдсан гэсэн тоо бий. Европ, АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалддаг, Хятадын хувцас үйлдвэрлэгчид бараагаа гадаад зах зээлд борлуулдаг aliexpress.com ч түүнийх. “Алибаба” групп Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэдэг аж. Сайтуудаар нь 300 сая хүн үйлчлүүлдэг гэсэн аварга тоо байна.
-Жек Ма тансаглах дургүй. Харин тэр байгальд хайртай-

Жек Ма тансаглах дургүй тэрбумтнуудын нэг. Кунфугийн тухай зохиол бичих дуртай. Номонд нугасгүй, покероос татгалздаггүй. Бясалгал хийж, тай-чигаар хичээллэхэд заавал цаг гаргадаг. Хэвлэлийнхний мэдэж авсан тэрбумтны дуртай зүйлсийг жагсаавал нэг иймэрхүү. Тэр хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг ч гурван жилийн өмнө хувийн онгоц авахдаа 49.7 сая ам.доллар зарцуулж байж. Түүнийг мэдэх хүмүүс “Тэрбумтны их зангүй” гэж үнэлдэг.
