Чингисийн талбайд монголын төр, ард түмэн 16 хоногийн дараа эхлэх гэж байгаа “Рио-2016” зуны олимпод оролцох баг тамирчдаа үдэх ёслолын арга хэмжээболлоо. Энэ удаагийн зуны олимпод эх орноо төлөөлөн хамгийн олон тамирчин буюу 42 тамирчин оролцохоор болоод байгаа билээ. Тэд өнөөдөр алтан шаргал ёслолын хослолоороо гоён ард түмэнийхээ өмнө ийнхүү жагслаа.

Зуны олимпийг зорьж буй тамирчдаа үдэж гаргах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЭМС-ын сайд С.Ламбаа, Шадар сайд Ц.Оюунбаатар болон олимпийн хороо, Рио-2016 наадмыг зорьж буй баг тамирчид, дасгалжуулагч нар олимпийн алдартнууд ард түмний төлөөлөл оролцлоо.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Рио-2016” зуны олимпийг зорьж байгаа тамирчдадаа хандан үг хэллээ.

Тэрээр “Эрхэм хүндэт ард иргэд, эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, энд хуран цугласан нийт тамирчид, дасгалжуулагчид, нийт иргэд ээ та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлчлан мэндчилье. Өнөөдөр Монгол Улсын хувьд, Монголын ард түмний хувьд баярт үйл явдал болж байна. Монголын ард түмэн их бэлгэшээлтэй ард түмэн. Охидоо, хөвгүүдээ алс хол явахад нь сайхан үдэж гаргаж өгдөг ард түмэн. Ингэхдээ үгийн хатууг хэлж, өөрийнхөө захиасыг хэлж явуулдаг ийм л ард түмэн. Цэрэгт, сургуульд, гадагшаа явахад нь ингэж угтаж, үддэг. Өнөөдрийн хувьд энэ олимпийн наадамд явах гэж байгаа тамирчдаа Монголын багийг бид энэ талбай дээрээ үдэж гаргахаар хуран цугласан. Энэ жилийн хувьд олимпод оролцож ирсэн түүхэнд хамгийн олон тамирчин зуны олимпийн наадамд оролцохоор болж байна. Манайхаас есөн төрөлд 42 тамирчин зуны олимпийн наадамд, 8 тамирчин паралимпт оролцох нь ээ. Нийт 50 тамирчин дэлхийн шөрмөстэй, чадалтай, оюунтай, ухаантай тэр хүмүүстэй өрсөлдөхөөр монгол нутгаасаа хүлгийн жолоо залах гэж байна. Та бүхний очих газар хол, хийх ажил их. Та бүхэн энэ үлдэж байгаа 16 хоногт өөрийгөө бэлдэх үйл ажиллагаа бол маш их байгаа. Ийм учраас та бүхнийг нэг ч хоногийн өмнө очих газраа очиж бэлтгэлээ хангаж ажиллахыг хүсэж энэ боломжийг олгосон байгаа гэдгийг хэлэх нь зөв байх аа.

Манай олимпийн наадмаас медаль авсан тамирчдад төрийн хайр халамж багадаагүй. Та бүхэнд магтаал ч багадаагүй. Та бүхэнд ард түмний хүндэтгэл багадаагүй. Одоо та бүхнээс Монголын төр, ард түмэн их зүйл хүлээж байгаа. Монголын ард түмэн тамирчдаа өөрийнхөө алган дээрээ бөмбөрүүлж авч явдаг. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа харамлаагүй. Монголын ард түмэн өөрийнхөө халааснаас мөнгө төгрөг бүх зүйлийг төсвөөсөө гаргаж явсан. Манай олимпийн төрлөөр медаль авсан тамирчид насан туршдаа монголын ард түмнээс монголын төрөөс тэтгэлэг авч явж байгаа. Дөрвөн жил энэ тэтгэлгийг авч  байгаа. Ингэж Монголын ард түмэн нийт иргэдийн зүгээс миний охин, миний хүү дэлхийн олимпоос медаль аваад ирвэл насан туршийн дэмжлэгтэй болох юм байна гэж,“ард түмэн ингэж харж үзэж байгаа юм байна” гэсэн ойлголт бий болсон. Энэ бүх ойлголт сүүлийн 4-5 жилд үргэлжилж манай олимпийн эрх авах тамирчдын тоо нэмэгдсэн. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Халаасандаа байгаа эцсийн мөнгөө та бүхэнд зориулж гаргаж өгч байгаа. Та бүхнийг Монголынхоо нэрийг гаргаад ирээрэй гэж хүсэж байгаа. Манай тамирчид юугаараа бусдаас ялгарах вэ. Монгол хүн гэдгээрээ л ялгарна. Мөн та нар хувийн зохион байгуулалт, сахилга батаараа ялгарах ёстой. Ингэж байж та бүхэн илүү амжилтад хүрнэ. Та бүхэн ялагдах эрх байхгүй. Өмнөх оролцож байсан олимпуудаас энэ удаа бараг хоёр дахин олон тамирчин явж байгаа. Монголын төр, ард түмэн та бүхнээс хоёр дахин илүү амжилтыг хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх эрх та бүхэнд байхгүй. Үүнийг би ард түмнээ төлөөлж та бүхэнд сүү өргөж хэлж байна. Та бүхэн өндөр амжилттай ирэх ёстой. Та бүхний эрмэлзэл бол алтан медаль байх ёстой. Та бүхний эрмэлзэл бол энэ өмсөж яваа хувцас, энэ явж байгаа алтан шар зам энэ бүхнийг бэлгэдсэн тэр алтан медалийн төлөө та бүхэн зүтгэх ёстой.

Та бүхэн амжилтаа гаргаад хүрээд ирэхэд манай ард түмэн сайхан хүлээж авна. Энэ бол гайхамшигтай үйл явдал. Монголын ард түмэн хоёр том тивийн буюу Ази Европийн дээд хэмжээний уулзалтыг сайхан зохион байгуулсан. Сайн ажилласан би ард түмэндээ асар  их баярлаж байгаа. Монголчууд чадлаа, Монгол Улс чадлаа, монголын ард түмэн чадлаа. Бид үүнийг харуулж чадсан. Одоо үүнийг олимпийн тамирчид маань нотлох ёстой. Ард түмнийхээ итгэлийг алдаж болохгүй шүү.

Саяхан Саха хотод болсон Азийн Хүүхдийн наадмаас манай хүүхдүүд 48 медальтай иржээ. Манай яруу алдарт гайхамшигтай тамирчдын залгамж үе босч ирж байна. Та нарт баяр хүргэе. Сайхан мэдээ дуулгая. ОХУ-ын Ерөнхий сайд ирээд бидэнтэй уулзан нэгэн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол сая ОХУ-ын Саха хотод болсон Азийн Хүүхдийн наадмыг 2020 онд эх орондоо Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан. Бид Азийн хүүхдийн наадмыг эрхийг авсан. Миний Монголын газар шороон дээр миний ард түмэн нэг л өдөр олимпийг хүлээж авах чадалтай, чадвартай. Ийм боломж Монголын ард түмэнд байгаа. Энэ цаг хугацааг бид ойртуулахын төлөө энэ агуу мөрөөдлийг биелүүлэхийн төлөө бид зүтгэх ёстой. Энэ бүхний өмнө явах ёстой хүмүүс бол манай тамирчид та бүхэн байгаа. Та нар бидний итгэлийг алдахгүй ээ гэдэгт би бүрэн итгэж байгаа. Төрийн дууллаа аль болох олон удаа эгшиглүүлээрэй. Эхний ялагдал юу ч байсан хамаагүй дараагийн ялалтын эхлэл байх болно. Сэтгэлээр унаж болохгүй. Сэтгэлийн хаттай байх ёстой.

Монголчууд сэтгэлийн хат, хувийн зохион байгуулалт, сахилга батаараа бусдаас ялгарах ёстой. Сайн яваад ирээрэй. Монголын ард түмэн төр харж байгаа. Төр ард түмнийхээ  итгэлийг биелүүлээд эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаад эргээд Монгол газар нутагтаа сайн хүрээд ирээрэй. Та бүхэндээ амжилт хүсье. Хурай хурай хурай” хэмээв.

“Рио-2016” олимпийг зорих тамирчдаа төлөөлөн Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн, бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, “Инчеон-2014” Азийн зуны спортын наадмын аварга, боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, ОУХМ Д.Отгондалай нар тангарга өргөлөө. Тэд  “Зуны олимпийн наадамд үнэнч шударга өрсөлдөн, эв нэгдэл, нөхөрлөлийг хүндэтгэн дээдэлж, тамирчны ёсзүй, дүрмийг сахин биелүүлж, сэргээш болон хориотой зүйл хэрэглэхгүй. Монгол эх орныхоо нэр төрийг эрхэмлэн спортын өндөр амжилт  гаргахын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулахаа Монгол Улсын  үндэсний шигшээ багийн тамирчдын өмнөөс тангараглая” хэмээн тангараг өргөсөн юм.

Энэ үеэр Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит үндэсний цомыг аялуулсан бөгөөд уг хишгийн дээжийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ М.Анхцэцэг, МУГТ Д.Баатаржав нарт энэхүү гардуулан өгсөн юм . Энэхүү хишгийг Рио-2016 олимпод оролцох тамирчдад хүртээх аж.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүүхдийн олимпиос түчээлэн ирсэн улсын бэлгэ тэмдэг болсон төрийн далбааг хүлээн авч "Рио-2016" зуны олимпод Монголын багийн ахлах Ж.Хатанбаатарт гардуулж өглөө. Ингээд энэ жил Монголын шигшээ багийн тугчаар тодорсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттулгын Тэмүүлэн төрийн далбаагаа хүлээн авсан юм.