УИХ-ын сонгуулийн өмнө олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан сэдвийн нэг бол яах аргагүй С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг. Гэвч энэ сэдэв сонгууль, наадам, АСЕМ-ыг угтсан завгүй өдрүүдэд ор тас мартагдаж гээгдэв.
Хэрэгтэй холбоотой олон сэжүүр гарч, сэжиг бүхий этгээдүүдийг хорьсон гэдэг ч 18 жилийн турш С.Зориг агсны аминд хүрсэн гол хэрэгтэн илэрсэнгүй. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагынхан “бай”-гаа онохгүй баривчилгаа хийсээр байна.
Өдгөө хэргийн цорын ганц амьд гэрч гэгддэг талийгаачийн гэргий Б.Булганыг Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулан, шалгаж буй. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчилж, анх ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.
Зарим улс төрчид Б.Булганыг хоригдсоноос хойш эрхийг нь хамгаалах талаар олон асуудал хөндөж байсан ч одоо намжаад байна.
Харин энэ талаар “Зууны мэдээ” сонинд “Улс төр, стратеги судлалын төв"-ийн тэргүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуул ярилцлага өгчээ. Тэрээр “Сонгууль өнгөрчихлөө аль хэдийн Ерөнхий сайд нь солигдчихлоо. Цагдаа, тагнуулынхан ч гэсэн тэнэг биш. Удирдлагууд нь өнөө маргаашгүй солигдоно. Бусад хүмүүс ч ажил дээрээ үлдэх, эсэх нь тодорхойгүй. Улстөрчдийн захиалгаар ажилладаг үй олон хүн хүчний байгууллагад байгаа. Тэднийг цэвэрлэх хэрэгтэй. Дээр нь шинэ Засгийн газар байгуулагдангуут Б.Булганы асуудлыг яаралтай шалгаж, шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэх байна.
Ерөнхий сайдад болон УИХ-ын дарга М.Энхболд нарт биечлэн хандаж Б.Булганы асуудлаар хүсэлт тавина гэж бодож байгаа.
Яагаад түүнийг найман cap хорж тарчлаан зовоов. Хэрэв үндэслэл байгаа бол шалгаж, дараагийн шатанд нь шилжүүлж өгч, хамгийн гол нь ил тод мэдээлэлтэй байлгах хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна. Би бүр тусгайлан Ерөнхий сайдад болон УИХ-ын дарга М.Энхболд нарт биечлэн хандаж Б.Булганы асуудлаар хүсэлт тавина гэж бодож байгаа. Бас О.Содбилэг гишүүнд хандана. Тэр хүний талийгаач болсон аавын нэрийг С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй ямар нэг байдлаар холбох гэж зөндөө улс төр хийлээ. Түүнийг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй хүмүүс ч байгаа. Тиймээс О.Содбилэг гишүүн энэ асуудлыг чухал биш гэж битгий хаяасай. Анхаарч, нэг мөр болгохын төлөө ажиллаарай гэж хэлмээр байгаа юм. Хамгийн гол хүсэх зүйл бол С.Зоригийн амиа алдсан хэрэг мартагдсан, одоо ач холбогдолтой биш гээд улстөржсөн өнцгөөс харж хаяхгүй байгаасай. С.Зоригийн амиа алдсан хэрэг эмзэг болсон үе ашгүй өөрчлөгдлөө гэж харж хүлээж сууна” гэжээ.
Түүний хэлснээр Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хэвээр байгаа аж. Улс төр судлаач Л.Эрдэнэтуулын хувьд С.Зориг агсны хэргийн талаар үзэл бодлоо илэрхийлдэг цөөхөн хүний нэг юм.