АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотод эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө 7:00 цагаас эхлэн хүндэт төлөөлөгчдийг өөрийн биеэр угтан авсан. Харин уулзалт 9:00 цагт албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж, үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авах нь Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрөгч 2 жилийн хугацаанд АСЕМ-ын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөц, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан улс орон, байгууллага, хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна.

Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэхүү арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. Гишүүн орон, түнш байгууллагыг төлөөлсөн ажлын хэсэг, албаны хүмүүс дээрхийн бэлтгэлийг сайн хангаж ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе. Ази Европын энэ удаагийн – 11 дэх уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох нь гарцаагүй. Мөн эндээс гарсан тодорхой шийдэл, хэлцлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон дараагийн ажлуудын дүр зургууд тодорно гэж итгэж байна” гэв.

Мөн тэрээр Францад болсон халдлагын улмаас олон хүн амиа алдсан явдалд эмгэнэл илэрхийлсэн юм. Түүнчлэн төлөөлөгчид Франц улсад тохиолдсон аймшигт террорист халдлагын улмаас амиа алдагсдад эмгэнэл илэрхийлж, нэг минут дуугаа хураалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа Европын холбооны ерөнхийлөгч ноён Доналд Таск, Миянмар улсын Ерөнхийлөгч Хтин Киав нар үг хэлсэн. Тэд Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг өндөр дээд төвшинд зохион байгуулж буйд талархлаа илэрхийлсэн юм.

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад Ази Европын 42 орны төлөөлөгч, 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд нар оролцож байна. Тухайлбал, Япон, Хятад, Финланд, Люксэнбүрг, ОХУ, Недерланд, Швейцарийн Ерөнхий сайд нар, Энэтхэг болон Индонезийн дэд Ерөнхийлөгч, БНСУ-ын Ерөнхийлөгч оролцож буй. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн Германы Канцлер Ангела Меркел, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гынхэ зэрэг Ази Европын өндөр дээд түвшний улс төрийн зүтгэлтэн, төлөөлөгчид оролцож байгаа билээ. Мөн бусад түвшний буюу Гадаад хэргийн сайд, Боловсролын сайд, Тусгай элч, Элчин сайд, Засгийн газрын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга нарын 17 төлөөлөгч хүрэлцэн ирээд байгаа юм.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг гадаад, дотоодын 700 гаруй сэтгүүлч сурвалжилж байна.



