
Pew Research Center-ийн мэдээлснээр Исламын шашин удахгүй дэлхийн хамгийн олон дагагчтай шашин болж, 2035 он гэхэд Христийн шашныг тэргүүлэн гарах төлөвтэй байна.
Судалгааны байгууллага мягмар гарагт гаргасан тайландаа мусульман хүн амын ирээдүйн өсөлтийг үнэлж, ойрын хэдэн арван жилд хоёр шашны дагагчдын тоо хоёулаа нэмэгдэнэ гэж төсөөлжээ. Гэхдээ мусульман хүн амын тоо “илүү хурдацтай өсөх” болно гэж тайланд дурдсан байна.
Энэхүү таамаглалд дэлхийн хүн амын 99.98 хувийг хамарсан 201 улс, нутаг дэвсгэрийг шинжилж, 2020–2070 оны хооронд мусульман, христийн шашинтан, еврей, хиндү, буддист болон бусад шашин, шүтлэгийн долоон бүлгийн газарзүйн тархалт, ирээдүйн өөрчлөлтийг авч үзжээ.
Судалгааны үр дүн нь шашны өөрчлөлт болон түүний дэлхий дахинд үзүүлэх нөлөөг шинжлэх зорилготой Pew-Templeton Global Religious Futures Project төслийн нэг хэсэг юм.
Тус байгууллага судалгааны үр дүн нь “дэлхий хэрхэн өөрчлөгдөж болох бүх хувилбарыг урьдчилан таамаглах зорилготой биш” гэдгийг онцолсон. Учир нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, байгалийн гамшиг, дайн зэрэг бусад олон үйл явдал хүмүүсийн шашны харьяалалд нөлөөлж болзошгүй юм.
Хүүхэд төрөлтийн өсөлт
Тайланд дурдсанаар мусульманчууд хамгийн олон хүүхэд төрүүлдэг бөгөөд энэ нь тэднийг дэлхийн хамгийн хурдан өсөж буй шашны бүлэг болоход нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг гэж Pew үзэж байна. Мусульман эмэгтэй нэг хүүхэд төрүүлэх дундаж үзүүлэлт 3.1 байсан бол хоёр дахь өндөр төрөлтийн түвшинтэй христийн шашинт эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 2.5 байжээ.
Нэг үеийн хүн амыг нөхөн сэргээхэд нэг эмэгтэйд дунджаар 2.1 хүүхэд ногдох төрөлтийн түвшин шаардлагатай байдаг.
Pew-ийн мэдээлснээр хоёр бүлгийн хүн амын өсөлт “дэлхийн нийт хүн амын өсөлттэй хөл нийлүүлэн” нэмэгдэх төлөвтэй байна. Мусульман хүн ам байгалийн өсөлтөөр 1.6 тэрбумаар нэмэгдэх боломжтой бол христийн шашинтнуудын тоо 792 саяар өсөхөөр тооцжээ.
Хүн амын бууралт
Мусульман хүн амын шашнаа орхих, өөр шашинд шилжихтэй холбоотой хүн амын бууралт нь христийн шашинтнуудынхтай харьцуулахад хавьгүй бага байх төлөвтэй байна.
“Исламын шашинд элсэх болон түүнийг орхих хүмүүсийн тооны зөрүү нь таамаглалын хугацаанд 8 сая хүний цэвэр бууралтад хүрэхээр байгаа бол христийн шашинтнуудын хувьд энэ зөрүү 105 сая хүний цэвэр бууралт болох төлөвтэй байна” гэж тайланд дурджээ.
Христийн шашныг орхих хүмүүсийн зарим нь цаашид ямар нэг шашинтай өөрийгөө холбохгүй байж болох бөгөөд үүнд шашингүй үзэлтнүүд болон агностик хүмүүс багтана.
Гэхдээ судалгаагаар Исламын шашны өсөлт нь христийн шашинтнууд Исламд олноор шилжиж байгаатай холбоотой биш болохыг тогтоожээ. Исламын шашнаас христийн шашинд шилжих хүмүүсийн тоо мусульман болох христийн шашинтнуудын тооноос “ялимгүй их” байхаар төсөөлөгдөж байна.
Улс орнуудын хүн амын өөрчлөлт
2020–2070 оны хооронд “дэлхийн мусульман хүн амын өсөлтийн ихэнх нь мусульманчууд аль хэдийн хүн амын олонхийг бүрдүүлдэг улс орнуудад явагдах төлөвтэй байна” гэж Pew мэдээлжээ.
2070 он гэхэд Ойрх Дорнод болон Хойд Африкийн бүс нутгийн хүн амын 95 хувийг мусульманчууд бүрдүүлэхээр байна. Харин Ази, Номхон далайн бүс нутагт мусульман хүн амын тоо шашны харьяалалгүй хүмүүсийн тооноос давж гарах төлөвтэй байна.
2020 онд мусульманчууд 53 улсын хүн амын олонхийг бүрдүүлж байжээ. 2070 он гэхэд эдгээр улс оронд 1.2 тэрбум мусульман хүн нэмж амьдрах төлөвтэй байгаа нь дэлхийн мусульман хүн амын нийт өсөлтийн 74 хувийг бүрдүүлнэ.
Тухайлбал, Пакистаны мусульман хүн ам 2020 онд 227 сая байсан бол 2070 онд 461 сая болж, хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр Пакистан Индонезийг гүйцэж, дэлхийн хамгийн олон мусульман хүн амтай улс болно гэж Pew мэдээлжээ.
Христийн шашинтнуудын өсөлт мөн христийн шашин аль хэдийн хүн амын олонхийг бүрдүүлдэг 120 улсын хүрээнд төвлөрөх төлөвтэй байна.
Эдгээр улс дахь христийн шашинтнуудын нийт тоо 630 саяар нэмэгдэхээр байгаа нь дэлхийн христийн шашинтнуудын өсөлтийн 92 хувийг бүрдүүлнэ гэж тооцжээ.