“Модерн номадс”-аар байнга үйлчлүүлдэггүй ч нэрийг нь дуулаагүй хүн гэж бараг үгүй биз ээ. Их хотын иргэдэд тав тух, хоолны амт чанарыг мэдрүүлж чаддаг уг ресторан өдгөө нийслэл хотод 5 салбар, хөдөө орон нутагт 3 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчилгээний чанарт улсдаа манлайлдаг энэ рестораны гал тогоо руу “өнгийхөөр” бид хамгийн их хөл хөдөлгөөнтэй салбаруудын нэг Соёлын төв өргөөний ард байрлах “Модерн номадс-2”  рестораныг зорилоо. Бид тэнд ахлах тогоочтой нь цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Хамгийн том сүлжээ рестораны салбарын ахлах тогоочтой уулзаж байгаад баяртай бас сонирхолтой байна. Тантай ярилцаж байхад хэдийнэ үд дунд болжээ. Өнөөдөр Нараа тогоочийн хувьд ямар өдөр болж байгаа талаар яриагаа эхэлье?

-Баярлалаа. Өглөө болгоныг би шинэ санаагаар угтдаг. Өглөө болгон надад хамгийн гоё байдаг. Өнөөдрийн хувьд өглөөг угтахад гадаа бороо орчихсон маш сайхан байлаа. Ажилдаа ирээд бүх тогооч нартайгаа уулзаж стандарт, хөдөлмөрийн хамгааллын талаар сургалт өгч ажилд нь оруулдаг уламжлалын дагуу сургалтаа хийсэн. Манай салбар ачаалал ихтэй салбарын нэгд тооцогддог. Өдөр 40 гаруй хүний хүлээн авалттай байлаа. Яг одоо бол үдийн цайны цаг өнгөрсөн болохоор ачаалал арай багасаад дараагийн бэлтгэл ажлаа хийх гэж байна даа.

-Тогооч гэдэг нарийн мэргэжил. Ялангуяа, олон хүнд үйлчилж амт чанартай хоол хийнэ гэдэг хэцүү байх. Хоол хийж байх тэр мөчдөө та юу боддог вэ?

-Мэдээж үргэлж сайн сайхан зүйл боддог. Би мэргэжлээрээ хүн болгонд гайхуулах дуртай. Эмч нар эмээр хүнийг анагаадаг бол бид арын фронтод нь зогсож байгаа, адилхан цагаан халаад өмссөн эмч нар гэж боддог. Хоолоор хүмүүсийн ходоодыг баярлуулж үйлчилж гаргадагтаа баяртай байдаг.

-Өдөрт хэчнээн нэр төрлийн хоол хийдэг вэ?

-Шөл зууш, салад, монгол хоол, үндсэн хоол гээд миний гар оролцож хийж байгаа 70 гаруй хоол бий.

-Ингэхэд таны үндсэн мэргэжил тогооч уу?

-Би уг нь барилгын техникч мэргэжилтэй хүн л дээ. Гэхдээ багаасаа тогооч болох хүсэл илүү байсан учраас дараа нь Хүнсний үйлдвэрийн технологийн коллежийг тогооч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллахдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг.

-Тогооч болохыг хүсдэг залуучууд цөөхөн байдаг юм шиг санагддаг. Харин танд нөлөөлсөн зүйл нь юу байв?

-Тогооч нар цагаан дүрэмт хувцас өмсөөд хоол хийж байгаа нь сайхан харагддаг. Гэрийн эзэгтэй хүмүүс гэртээ яаж хоол хийдэг, яг түүн шиг би ард түмэнд үйлчилж ард түмнийхээ ходоодыг баярлуулаад хоол хийх юмсан гэж сэтгэл шулуудаад энэ мэргэжлээ сонгосон доо.

-Хоол хийнэ гэдэг нэр төрлийн урлаг гэдэг. Тэгэхээр маш сайхан хоол хийхэд, энэ урлагийг бүтээхэд хамгийн чухал зүйл юу вэ?

-Хувь хүний өөрийнх нь сэтгэл. Яг тэр сэтгэлээрээ би үүнийг хийнэ гэвэл зорилгоо л биелүүлэх ёстой. Хүн зорилготой байж л түүнийгээ хийж бүтээнэ.

-Тэгэхээр гоё хоол хийнэ гэдэг тогоочийн сэтгэл санаатай холбоотой байх нь?

-Маш их холбоотой. Тогооч хүн тухайн өдөр сэтгэл санаа жаахан тааруухан байх юм бол тэр хүний гараас гарч байгаа зүйл яг л тийм гарна. Сэтгэл нь өөдрөг, гэгээлэг байх юм бол тэр хоол нь сэтгэлээ дагаад сайхан гарна. Хүрч байгаа эзэндээ ч тэр таатай мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Хүмүүс “баярлалаа” гэж сэтгэлийн үгээ хэлэхэд урам орж мэргэжлээрээ дэндүү их бахархах сэтгэл төрдөг.

-Мэргэжлээ эзэмшээд хамгийн анхны ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Хамгийн анх Хархорин захын хажууд цайны газар ажиллуулж байлаа. Энэ нь мэргэжлийн чиглэлээр анхны туршлага болсон. Дараа нь 13-р хороололд бас нэг цайны газар түрээсэлж ажиллуулдаг байсан. Тэр үеэс ресторан чиглэлээр ажиллая, өөрийгөө бүр сайн хөгжүүлье, нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор илүү сайн сурч өөрийгөө улам сайн хөгжүүлье гэж зориод 2007 онд “Номадс”-т орж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эндээ ажиллаж байна.

-Модер номадс ресторанд анх орж байсан үеэ өнөөдрийнхтэй харьцуулбал мэдээж ялгаа их гарах болов уу?

-Тэгэлгүй яахав. Номадс бол сайхан байгууллага. Намайг анх ажилд ороход “Сити номадс” ресторан дөнгөж нээгдэж байсан, цөөхөн ажилчидтай байсан. Одоо өргөжөөд маш олон салбар ресторан нээгдэж байна. Хоол үйлдвэрлэл гэдэг бол хэзээ ч хүнд хаягддаггүй чухал салбар. Манай компани групп болж өргөжиж үйл ажиллагаа илүү сайжирч байгаа.

-Номадсын сүлжээ ресторан хэрэглэгчдэд, нийгэмд хэдийнэ танил болсон. Харин тэдний бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Гол онцлог нь ажилчдаа маш сайн идэвхжүүлдэг. Сургах, чадваржуулах тал дээр нь их анхаардаг. Мөн ресторанууд улирал тутам хоолны цэсээ шинэчилж байдаг.

-Хоол хүнс гэдэг бол маш хариуцлагатай салбар. Эрүүл хоол хүргэх тал дээр танайх яаж анхаардаг вэ?

-Бид хамгийн түрүүнд хоол хүнсний эрүүл ахуйг дээд зэргээр мөрддөг. Бараа түгээлт, хүлээн авалтаасаа эхлээд л бидний гар дээр ирсний дараа түүнийг хэрхэн хадгалж халуун ажиллагаанд оруулах гээд л бүх стандартаа мөрдөж ажилладаг. Манайх хэрэглэгчиддээ эрүүл, найдвартай хоол хүнсээр үйлчилдэг гэдэгт итгэлтэй байдаг. Энэ нь маш том давуу тал.

-Үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс гомдол санал хэр их ирдэг вэ. Магадгүй шүүмжлэлд шантрах үе байдаг уу?

-Зарим үед магтаалын үг сонсоно. Зарим үед “ийм тийм байна” гэсэн шүүмлэл сонсдог. Гэхдээ би түүнийг нь шүүмж гэж боддоггүй, маш хатуу анхаарч алдаагаа засаж авдаг.

Миний хувьд анх нийтийн үйлчилгээний газар ажиллаж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан учраас ачаалал гэдгийг сайн мэддэггүй байсан. Ачаалал мэдрээд ирэхээрээ шантрах үе гардаг байсан л даа. Гэхдээ одообол ажлаа хийгээд сурчихсан, мэргэжлээрээ бахархдаг учраас шантрах зүйл огт байдаггүй.

-Зарим тохиолдолд танайх ахлах тогооч нь өөрөө хоолоо хүргэж өгдөг гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярьвал?

-Манайх хамт олон, найз нөхөд, гэр бүлийн томоохон хүлээн авалтуудыг зохион байгуулахдаа ахлах тогооч өөрөө нэрийг хоолыг хүргэж өгдөг. Үйлчлүүлэгчид ч маш гоё хүлээж авдаг. Нээрээ л ийм гоё хоолыг энэ хүмүүс хийсэн юм байна гэж мэддэг. Тэднээс талархлын үг сонсохоор нүдэнд нулимс цийлэгнээд л үнэхээр сайхан байдаг.

-Хоол, үйлчилгээний салбар хүнээс маш их тэвчээр бас чадвар шаарддаг байх. Энэ салбарт амжилттай яваагийн таны амжилтын нууц нь гэвэл та юу хэлэх вэ?

-Хүн сэтгэлээсээ л ажлаа сайн хийх юм бол хүний амьдралын өмнө маш их гэрэл асах боломжтой байдаг юм байна гэж боддог.

Номадсд орсоноороо би маш их баярладаг. Миний амьдралыг хөл дээр нь авч явж байгаа газар бол миний энэ ажил. Тийм учраас би энэ байгууллагаараа маш их бахархдаг.

-Цаашид хийхээр төлөвлөж хүсч байгаа мөрөөдлөөс тань хуваалцаж болох уу?

-Мэдээж надад маш гоё мөрөөдөл, зорилго бий. Тогооч гэдэг энэ нэр хүндтэй мэргэжлийг цааш нь улам бататгаж гадны улс орнуудад хийсэн хоолоо хуваалцах, тэдний санал сэтгэгдэл, урмын үг сонсох юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг.

-Залуучууд, ялангуяа гэрийн эзэгтэй нар тогоочийн хэмжээнд биш юм аа гэхэд гэртээ сайхан хоол хийж сурах хүсэл хүн болгонд байдаг шүү дээ. Ярилцлагынхаа төгсгөлд тэдэнд хандаж юу зөвлөх вэ?

-Миний бодлоор залуучууд залхуу байх шиг санагддаг. Хялбар аргаар юм хийх хүсэлтэй, бэлэн бүтээгдэхүүн аваад идэх сонирхолтой илүү байх шиг байна. Хүн эрүүл бүтээгдэхүүн авч эрүүл хоол идэх ёстой. Хэдийгээр ажил ачаалал гээд энэ нийгэмд бид зав муутай байдаг ч хааяа ч болов эрүүл хоолыг зорьж хийж ходоодоо баярлуулж байх ёстой юм болов уу. Тийм болохоор залуучууд, уншигчиддаа аль болох эрүүл хүнс хэрэглэж байхыг эрхэмлэж байгаарай гэж зөвлөе.

-Ярилцсанд баярлалаа.