Монгол түмний бахархал болсон Үндэсний их баяр наадам айсуй. Айсуй наадмын нээлт, хаалтын өнгийг тольдлоо.
Хотоос зайдуу наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэлээ базааж байсан наадмын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын арми Төв цэнгэлдэхэд ирж, бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа юм. Ойрын өдрүүдийн зөөлөн бороо, хурц нарыг эс тоон тэд ийнхүү бэлтгэлээ базаан өнөөдөр наадмын комисст толилуулахад бэлэн болжээ.
Найруулагч Н.Наранбаатар “За Улаанбаатарт долоодугаар сарын 11, 10:40 минут боллоо эхлэе. Ая...” хэмээн чанга яригчаар цэнгэлдэх дүүрэн чуулсан оролцогчдоо удирдана. Энэ үед цэнгэлдэхэд “Уяхан замбуу тивийн наран” уртын дуу эгшиглэхэд тэрээр “Үгүй дээ ингэж хайш яйш босохгүй ээ. Та нар ямар гэртээ байгаа юм уу. Түмэн хүний нүдэн дээр наадмын нээлтийн арга хэмжээг эхлүүлэх гэж байна. Ая эхлэхэд нэгэн зэрэг босно шүү. Хэрвээ амьгүй хийх л юм бол 2, 3 дахина шүү” хэмээн зааварчилгаа өгнө.
Тэд хэдийнэ их ажлаа ардаа хийн энэ мэт бага сага ажлыг л цэгцэлж авах үлджээ. Энд цугласан хүн бүр өөр өөрсдийн үүргийг дор бүрнээ ухамсарлан, удирдаж буй багийн ахлагчдаа захирагдан ажиллаж байгаа нь Чингисийн үед аравт, зуутын систем ийм л байсан болов уу гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлсэн шүү.
Наадмын ерөнхий найруулагчийн дэргэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар цагаан хоолойгоор явж буй аян дээр “Эрхэм хүндэт наадамчид аа...” хэмээн өнөөх л гайхалтай уран яруу үгсийг цээжээрээ урсган байлаа. Мөн наадмын нээлт, хаалтын ерөнхий хөдөлгөөний тавилт дээр бүжиг дэглээч Ган-Очир хамтран ажиллаж байгаа бүжиг дэглээчийн хамт индэр дээр чанга яригчаар бусаддаа зааварчилгаа өгөн “За манайхан аравтын даргынхаа үгийг сонсоно шүү” хэмээн ярина.
Энэ жилийн наадамд бидэнд мартагдах шахсан монгол ахуй, уламжлалт соёлыг үзэгчдэд толилуулахаар зэхжээ. Мөн найруулагч Н.Наранбаатар цэнгэлдэхэд хурсан наадамчин олонд баяр цэнгэл дээр хөг нэмж Марзан Шарав гуайн алдарт бүтээл “Монголын нэг өдөр” зураглалыг дэлгэх аж.
Тэрээр үүнийгээ наадмын нээлт эхлэх 11.00 цагаас өмнө үзэгчдэд барих “зууш” хэмээн тодотгосон юм.
“Монголын нэг өдөр” зураглалд сур элдэн, шагай харваж, ноос саван, хурим найр хийж дүр дураг өрнөж, тэр ч бүү хэл унага барьж, уралдуулж буй ёс заншлыг ч үзүүлэх гэнэ.
Ингээд наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа найруулагч Н.Наранбаатартай ярилцсан юм.
-Н.Наранбаатар: Энэ жилийн наадам онцлох олон сайхан зүйлстэй-
Н.Наранбаатар “Энэ жилийн наадмын нээлтийн арга хэмжээ уран бүтээлчид, армийн албан хаагч, ахлах, офицерууд, арын албаныхан гээд нийлээд 1500 хүний хөдөлмөрөөр бүтэж байна. Наадмын бэлтгэл 80 гаруй хувьтай явж байна. Энэ жил түүхэн дөрвөн ой давхцсан сайхан жил болж байна. Нар хур тэгширсэн хөдөө орон нутагт олон сайхан шар цэцгүүд ургаж байгаль дэлхий өнгө үзэмжээ засаж, монголын наадам сайхан болох гэж байна. Энэ жил уран бүтээлчид маань наадмын арга хэмжээг Монгол түмэн маань хаанаас эхлэлтэй билээ, хэзээ хаана төрт улс минь үүсэн билээ гээд өргөн агууламжтайгаар тольдох боломжтой. Гегелийн хэлсэн үг байдаг шүү дээ “Хүн төрөлхтний түүх дорноос, монголчуудаас эхэлсэн. Учир нь тэнд төр байсан юм” гэх.
Монгол түмэн маань хаанаас эхлэлтэй билээ, хэзээ хаана төрт улс минь үүсэн билээ гээд өргөн агууламжтайгаар тольдох боломжтой.
Төрөө цогцлоож байж сая зон олон ард түмэн болдог, түүхээ бичдэг” гэдэг утгатай. Мэдээж Хүннүгийн гүрэн улсаас наадмын арга хэмжээ маань эхэлнэ. Тэр үед улсыг юу бүрдүүлж, юу бий болгож байв. Мэдээж Их Монгол Улс үүсч, эзэн Чингис Богд хаан маань дэлхийн талыг эзлэхийн сацуу цэнхэр гарагийн ард түмэн соёл иргэншлийн ямар олон зүйлсийг бий болгов. Бид тусгаар тогтнолоо 1911 онд олсон гээд мөн бид байгаль дэлхийтэйгээ хэрхэн эвгүй, зөөлөн ханддаг байсан юм бэ зэрэг өөрсдийн гэсэн ямар идеалтай байсан тухай өгүүлнэ. Түүнчлэн тусгаар тогтнолоо бататгасан ардын хувьсгал, өнөө цаг бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын тухай өгүүлнэ. Энэ жилийн наадам онцлох олон сайхан зүйлстэй. Тэр бүхнийг ирээд үзээрэй. Мөн энэ жилээс эхлэн манай наадам сүлд дуутай болсон. Энэхүү дууг манай рок, поп, дуурийн болон язгуур урлаг, зохиолын дуучид нийлж дуулсан. Манай Л.Балхжав ах, Гүрээ ах хоёрын хийсэн ийм сайхан дуу байгаа юм. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд төрийн статустай бүх урлагийн байгууллагынхан орж байгаа” гэв.
Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, түүний ассент найруулагчаар УДЭТ-ын найруулагч Түвшин, хөдөлгөөний найруулагчаар бүжиг дэглээч Ган-Очир нар ажиллаж байна. Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн Алтансэлэм, Амармэнд, туслах найруулагчаар Түвшинхүү, Чингүүн, Идэрболд, Амгаланбаатар нар ажиллаж байгаа бөгөөд наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Ш.Гүрбазар, Отгон, Чулуунбаатар, П.Цэрэндагва нар хөтлөн хүргэх нь ээ.
Монголын нэг өдөр зураглал ийнхүү цэнгэлдэхийн төв талбайд өөр өөрийн өнгөөр үндэсний хэв маягыг үнэртүүлэн байлаа. Гэхдээ наадмын нээлтийн гол хөтөлбөрийг ирсэн хэн бүхэнд л зориулан нууцаар нь үлдээе. Наадмын нээлтийн сьюрприз нууц байх тусмаа амттай.