МАН-ын Бага хурал хуралдаж гэрээгээ зөрчсөн АН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан АН-аас Засгийн газарт томилогдон ажиллаж байгаа сайд нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй. Гэрээний дагуу хамтын хариуцлага хүлээнэ. Ерөнхий сайдад АН-ыг гаргачихаад дангаараа засаглая, өөр эвсэл байгуулъя гэдэг байр суурь байхгүй. Гэрээ зөрчигдсөн учир АН Засгийн газарт орж ажиллахгүй. Гэрээгээ зөрчсөн гэдэг нь Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Одоо ямар түвшинд, яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдана. Гэрээгээ биелүүлж чадаагүй бол хамтын хариуцлага хүлээнэ гэдэг заалттай. АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг бол гүтгэлэг. Асуудлыг ярихдаа гүтгэлэг хэлбэрээр ярьдаг улс төрийн муу араншинг халмаар байна. Харамсалтай нь, МАН-аас энэ ухаан гарсангүй. АН-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нарыг нэрлэсэн. Манай намын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь намын байр суурь ерөөсөө биш. Цөөнх дуугарах эрхтэй. Би гишүүдийнхээ "амыг барина" гэдэг заалт гэрээнд байхгүй. Намынхаа үндсэн араншинг би мэдэж байгаа хүн. Өөрсдөө засагласан ч дотроо сөрөг хүчин хийдэг, үгээ ил тод хэлдэг л хүн. Засгийн газрыг унагаж байгаа шалтгаанаа МАН нууж байна гэж харж байна. АН-ыг гаргаж байгаа нь шалтаг боллоо. Энд ухралт явлаа. Хамгийн их санаа зовж байгаа зүйл утаагаа яах вэ гэдэг асуудал. Зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэрээ яах юм бэ гэдэг асуудал. Цаашид жагсаалт гэж юу юм бэ гэдгийг их бодмоор юм байна. Намынхаа шийдвэрийг хатуу баримталж чадах хүмүүсийг парламентад оруулж байж улс төрийн нам бодлогоо хатуу барих юм байна. Жагсаалт гэдэг чинь намынхаа нэрээр гишүүн болчихсон хүмүүс. Тийм байж намын бодлогоо сөрөөд ажиллана гэдэг буруу жишиг. Улс төрийн хүн зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг байх ёстой. Сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна. Жагсаалтын гишүүнээ намаас хөөлөө гэхэд тэр хүнийг их хурлаас яах вэ гэхчлэн олон асуудал байна. Хамтарсан Засгийн газар хэцүү юм байна. Олон сорилт байдаг юм байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: -Ямар нэг шалтаг хэрэгтэй байсан байх. АН бол гэрээгээ зөрчөөгүй. Намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. АН-ын бүлгийн зарим гишүүний байр суурийг хөндөж байх шиг байна. Гэхдээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хэлсэн үг, үйлдлийг улс төрийн зорилгоор хязгаарлаж болохгүй.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: -Жагсаал дээр АН-ын гишүүд очсон. Засгийн газрыг шүүмжилсэн гэсэн үндэслэлээр хамтрахгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа юм билээ. МАН-ын Бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаал, ардчилалд дургүй юм байна. Хамтарсан Засгийн газрын гэрээг олж харсан хүн Бага хурал дотор байхгүй. Олж хараагүй гэрээгээ Бага хурал дээр дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт. МАН-ын нэр бүхий хүмүүс Засгийн газрын бүрэлдэхүүнд орох гэсний, МАН-ын засаглалын хямралд орсны илрэл. Дараагийн сайд томилогдоход хийж бүтээсэн ажлаа танилцуулж сайдын ажлаа өгөхөд бэлэн байна.
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр: -Нийт 23 сайд бүхий кабенитын найман сайд нь Ардчилсан намаас томилогдсон. Өнгөрсөн хугацаанд хяналт, тэнцэл гэдэг зүйлийг парламентаас гадна Засгийн газарт хэрэгжүүлэхээр АН-аас томилогдсон сайдууд хичээн ажилласан. МАН-ын Бага хурлын үеэр хамтарсан Засгийн газар байгуулсан намын гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэж мэдээлсэн. Тэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тус, тусын намын мөрийн хөтөлбөрт суусан тодорхой ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудлыг тусгаснаас бие биенийхээ алдаа дутагдлыг хараад, дуугүй, загас шиг байх тухай тусгаагүй. Ер нь ямар нэгэн шалтаг шалтгаан байсан байх. Ард нь гишүүд дэмжигчдийн тоогоороо МАН болон АН зөрүү багатай, улсыг хүнд хэцүү цаг үед нь тулж явдаг улс төрийн хоёр намынхаа хувьд Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээгээд явсан гэж ойлгож байна. Анх кабинет бүрдэхдээ ЗГХЭГ-ын харьяа байсан Хяналт хэрэгжүүлэх газрыг Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн дагуу тусад нь бие даасан сайдтай болгож, миний бие ажилласан. Өнгөрсөн хугацаанд төрийн хууль тогтоомжийн биелэлтийг хянах ажлыг алба хаагчид хийж хэрэгжүүллээ. Энэ явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн байхыг үгүйсгүйхгүй. Ерөнхий сайдын хувьд дотоод хяналт тэнцлийг зөв хангах үүднээс хууль зүйн сайд, хяналтын сайдаараа сөрөг хүчний намаас томилсон гэж ойлгодог. Тэр ажлаа О.Алтангэрэл чамгүй сайн хийж, зориглон олон хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан.