Монгол Улс "Chandler Good Government Index" буюу дэлхийн улс орнуудын засаглалын чанарыг үнэлдэг олон улсын үзүүлэлтээр 12 байр ахисан талаар Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин мэдэгдлээ. Тэрээр "Монгол Улс улс орнуудын төрийн чадавх, засаглалын чанар зэргийг тоон үзүүлэлтээр харьцуулан үнэлдэг "Chandler Good Government Index" тайланд 2021 онд 88 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 76 дугаар байр хүртэл 12 байраар ахиж, дэлхийн хэмжээнд хамгийн их ахиц дэвшил гаргасан таван улсын нэгээр нэрлэгджээ. Энэ нь Монгол Улсыг Арабын Нэгдсэн Эмират , Вьетнам , Итали , Йордан зэрэг өндөр ахицтай улс орны зэрэгцээ авч үзэх хэмжээнд хүрснийг илэрхийлж байна.
Гол амжилтууд:
Төрийн манлайлал, алсын хараа (Leadership & Foresight) энэ багц шалгуурт Монгол Улс 6 байр ахижээ.
Дэд үзүүлэлтүүд болох:
Алсын хараа (Long-Term Vision) хоёр байр, дасан зохицох чадвар (Adaptability) дөрвөн байр өссөн байна. Энэ нь төр засгийн бодлого тогтвортой байж, хямрал, сорилтыг ухаалгаар даван туулж буйг харуулж байна.
Үндэсний бодлогын нөлөө:
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь тэгш бус байдал, авлига, байгаль орчны доройтол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор боловсруулагдсан. Энэхүү бодлого нь засаглалын шинэчлэл, эдийн засгийн төрөлжилт, хүний хөгжлийн бодлогуудыг стратегийн түвшинд зангидаж өгсөн гэж тодорхойлсон байна.
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин (Attractive Marketplace):
Монгол Улс уг багц шалгуурт 12 байр өссөн дүн үзүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн бодлогуудыг тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр ахицтай байгааг харуулж байна. Ялангуяа уул уурхайн салбарт хийсэн бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны сайжруулалт үүнд эерэгээр нөлөөлсөн.
Тогтвортой ахиц гаргасан улсууд:
Ийнхүү тус тайланд орсон нийт 120 улс орны үзүүлэлтүүдийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд харьцуулан харахад Арабын Нэгдсэн Эмират (АНЭ), Испани, Вьетнам, Монгол, Хятад гэсэн таван улс жил бүр тогтвортой ахиц дэвшил гаргаж чаджээ" хэмээжээ.