Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрээр "Засгийн газрын нэгдүгээр сарын 22-ны хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн өргөн мэдүүлэхээр дэмжсэн. Улмаар УИХ-д хүргүүлсэн. Энэ нь ганц хөрөнгө хураах бус авлигын эсрэг багц хуулийн төсөл. Өнгөрсөн даваа гарагт Засгийн газар, УИХ-аас хуулийн төслөө татаж аваад, зохих өөрчлөлтийн хийсэн. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах, нэн түрүүнд шалгах ёстой субъект нь төрийн өндөр албан тушаалтан. Өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор 10-20 жилийн өмнөх хууль бус хөрөнгийг хураах ямар ч хуулийн боломжгүй. Тиймээс энэ хуулийг өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ" гэлээ.