Ромын пап Францисыг таалал төгссөний дараа дэлхийн католик шашинтнуудын шинэ тэргүүнээр АНУ-ын Чикаго хотод төрсөн XIV Лео пап сонгогдсон билээ. Өнгөрсөн ням гарагт тэрээр олон нийт сүсэгтнүүдийн өмнө папын тангараг өргөх ёслолыг үйлдсэн. Уг ёслолд ирсэн гадны зочид төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүдийг пап Ватиканд хүлээж авч уулзаж байна. Шинэ папын хүлээж авч уулзсан зочид төлөөлөгчдийн дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар гэр бүлийн хамт багтлаа.

Ромын папаар АНУ-ын уугуул иргэн сонгогдсон америкчуудын хувьд түүхэнд тэмдэглүүштэй, чухал ач холбогдолтой үйл хэрэг болоод байгаа юм. Энэ уулзалтаар Америкийн төрийн өндөр дээд албан тушаалтнууд Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг Лео папад дамжууллаа. Уг захидалд Ерөнхийлөгч Трампын гэр бүл дэлхийн католик шашны тэргүүнийг аль болох боломжтой ойрын хугацаанд АНУ-ын нйислэл Вашингтон дахь Цагаан ордонд айлчлан ирэхийг урьсан байна. Мөн Ерөнхйилөгчийн урилгаас гадна дэд Ерөнхийлөгч Вэнс, пап Лео нар бэлэг солилцлоо. Вэнс шинэ папад түүний төрөлх хот Чикагогийн Чикаго Бийрс хөлбөмбөгийн багийн цамцан дээр нэрийг нь бичүүлж өгчээ. Мөн Гэгээн Аугустины хоёр номыг бэлэглэсэн байна. Хариуд нь пап Ватиканы Апостоликын ордны зураг, мөн итали хэлээр “Энх тайван бол эмзэг цэцэг юм” гэсэн үгтэй хүрэл баримлыг бэлэглэжээ.

69 настай Лео пап АНУ-д төрсөн Ромын анхны пап болсон. Дэлхий дээр христийн шашинтай хоёр тэрбум гаруй хүн байдгийн 1.4 тэрбум нь католикчууд юм. Ромын папын тангараг өргөх ёслолд оролцохоор Ариун Петрийн талбайд 200 000 зочин төлөөлөгч, сүсэгтэн цуглажээ.