2020 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, тус улсын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден хорт хавдар туссанаа зарлажээ. Байден түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэрээр өвчилсөн байна.
Энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдсэн бөгөөд ням гарагт олон нийтэд зарлажээ. Тэрээр энэ жил 82 настай. АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлыг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах намаас өнгөрсөн жилийн сонгуульд ялсан Доналд Трампад шилжүүлсэн билээ. Байден АНУ-ын хамгийн ахмад настай Ерөнхийлөгч байсан юм.
Эмч нарын хэлж буйгаар Байдены түрүү булчирхайн хорт хавдрын хэлбэр шинж тэмдэг нь нилээд хурдан тархдаг төрөл. Мөн хавдар хэдийнэ түүний ясанд тархжээ. Гэсэн ч азаар уг хавдрын шинж тэмдгээс ажиглавал гормонд илүү мэдрэмтгий аж. Тиймээс ямар нэг эмчилгээ хийвэл үр дүнтэй байх болно гэж үзжээ.
Одоогоор Байдены гэр бүлийнхэн хорт хавдрын эсрэг ямар төрлийн эмчилгээ хийхээ шийдэхээр эмч нартай ярилцаж байгаа ажээ. Байденыг хорт хавдраар өвдсөн тухай мэдээ цацагдсаны дараа АНУ-ын үе үеийн төрийн зүтгэлтнүүд, ард иргэд түүнд ихээхэн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Байдены харьяалагддаг Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс гадна Бүгд Найрамдах намынхан ч мөн түүнд түргэн эдгэхийг хүсэж байна.
Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Truth цахим сүлжээндээ “Жо Байдены эрүүл мэндийн тухай сонсоод таагүй байлаа. Бид Жилл болон Байдены гэр бүлд сайн сайхныг хүсэж байна. Жог хурдан эдгэхийг хүсье” гэжээ.
Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч байсан төдийгүй өнгөрсөн жилийн сонгуульд Байденыг орлож, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Камала Харрис гэр бүлийн хамт сэтгэл зовниж буйгаа мэдэгджээ. Харрис “Жо бол тэмцэгч, тиймээс уг сорилттой зоригтой, хүчтэйгээр нүүр тулж чадна гэдгийг мэдэж байна” гэжээ. Байден Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшиж сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн байсан ч өндөр настайгаас гадна эрүүл мэндийн байдал нь түгшээж байсан тул дэд Ерөнхийлөгч байсан Камала Харрис халааг нь залгаж нэр дэвшсэн билээ. Байдены гэр бүлийн хувьд хорт хавдар хэзээнээс эмзэг, хүнд асуудал байсаар ирсэн. Байдены хүү Бью тархины хор хавдраар өвчилж 2015 онд 46 насандаа таалал төгссөн. Хүүгээ нас барсны дараа Байден дэд Ерөнхийлөгч байхдаа хорт хавдрын эсрэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
Түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн их тохиодог хорт хавдрын өвчлөлийн хоёр дахь нь юм. Хамгийн их тохиолддог нь арьсны хавдар байдаг аж. АНУ-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах төвийн судалгаагаар 100 эрэгтэй тутмын 13 нь амьдралынхаа аль нэг хэсэгт хорт хавдраар өвчилдөг байна. Тэр тусмаа өндөр настай эрчүүд өвчлөх эрсдэл их байдаг.