Уругвай улсын 40 дэх Ерөнхийлөгч агсан Хосе Пепе Мухика 89 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр хорт хавдрын улмаас мягмар гарагт Уругвайн нийслэл Монтевидеогийн ойролцоох гэртээ таалал төгссөн юм. Мухикагийн шарилыг төрийн далбаанд ороож морин тэргээр нийслэлийн Хууль тогтоох ордон руу хүргэлээ. Түүнд эмгэнэл илэрхийлж дурсгалыг нь хүндэтгэхийг хүссэн иргэд цувааг дагаж явсан байна. Мухикагийн оршуулгад Ерөнхийлөгч Яманду Орси, Мухикагийн бэлэвсэн эхнэр Лусиа Тополанский нар оролцжээ. Хууль тогтоох ордонд байршуулсан шарилд хотын мянга, мянган оршин суугч, ард иргэд хүндэтгэл үзүүлэхээр урт цуваа үүсгэжээ. Ерөнхийлөгч Орсийг Мухикагийн улс төрийн үзэл баримтлалын залгамжлагч гэж үздэг. Дотны андаа алдсан Ерөнхийлөгч Орси улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.

Уругвайчуудаас гадна Латин Америк, Европын улс орнуудын удирдагчид түүнийг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсээр байна. Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум, Бразилийн Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильва нар гашуудлаа хуваалцжээ. Мухика 3,4 сая хүн амтай улсыг Латин Америкийн хамгийн хөгжил дэвшилтэй нийгэм болгон хөгжүүлж чадсан гэж үздэг. Хосе Пепе Мухика 1960-аад оны үед Засгийн газрын эсрэг Тупамарос цэргийн бүлгэмийг удирдаж байв. Тухайн үеийн Уругвайн цэргийн дарангуйллын дэглэм тэдний тэмцлийг хүчээр дарсан юм. 1970 онд Мухикаг шоронд хорьж, эрүү шүүлт тулган 15 жилийн дараа 1985 онд суллагдаж байжээ. Түүнийг суллагдах үед Уругвай улсад ардчилсан тогтолцоо дахин сэргэсэн байлаа. Мухика шоронгоос гарч ирснээсээ хойш дөрвөн жилийн дараа Тупамарос бүлэгт байсан хэсэг нөхдийн хамт Ардын оролцооны хөдөлгөөн нэртэй улс төрийн намыг байгуулжээ. Тус нам орон нутгийн хэд, хэдэн сонгуульд оролцож, Пепе Газар тариалангийн сайдын албан тушаалыг хашсан байна.

Улмаар 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 2010-2015 оны хооронд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэжээ. Ерөнхийлөгч байх хугацаанд нь Уругвайн эдийн засаг тэлж, нийгэмд нилээд чухал хэд, хэдэн дэвшилтэт шинэчлэлийг авчирсан гэж үздэг. Тухайлбал, Уругвай улс үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлт, каннабисын хэрэглээг хуулиар зохицуулдаг болсон юм. Тус улс эдгээр шинэчлэлийг хийсэн дэлхийн анхны улс болж байжээ. Мухика Ерөнхийлөгчийн тансаг харшид амьдрахаас татгалзаж, фермдээ жимс, удвал цэцэг тариалан, хээр газарт бие засаж, хуучны Volkswagen Beetle машин унадаг байсан юм. Тиймээс дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэж хочилдог байсан билээ. Пепе Мухика 2024 оны дөрөвдүгээр сард улаан хоолойн хорт хавдартай болсон гэдгээ зарлаж байжээ. Дөрвөн сарын турш туяа эмчилгээ хийлгэсэн нь түүний бөөрийг өвчлүүлсэн юм. Энэ оны нэгдүгээр сард хорт хавдар Мухикагийн элгэнд тархсаныг Уругвайн хэвлэлүүд мэдээлжээ. Эцэст нь тэрээр хорт хавдрын эмчилгээнээс татгалзаж, байгалийн жамаар хорвоог орхихыг хүссэн юм.