Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байна.

2025 онд энэхүү өдрийг "Гэр бүлд чиглэсэн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх зам: Нийгмийн хөгжлийн хоёрдугаар дэлхийн дээд хэмжээний уулзалт руу" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр

  • Хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх;
  • Хөдөлмөрийн яармаг арга хэмжээ зохион байгуулах;
  • Нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар үзүүлэх;
  • Нийгмийн даатгалын үйлчилгээ газар дээр нь болон онлайнаар үзүүлэх;
  • ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;
  • Өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олголт

Тараах материал, статистик тоон мэдээллийг танилцуулах зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос авах юм.

Гэр бүл нь нийгмийн хамгийн үнэ цэнтэй анхан шатны нэгж бөгөөд өөр, өөрийн онцлогоороо нийгмийг бүтээж, өнгөлөг болгож байдаг тул гэр бүлийн сайн сайхан ирээдүй нь тухайн улс орны хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг. Олон улсын гэр бүлийн өдөр бүх хайраа гэр бүлдээ зориулж, гэр бүлийн гишүүдтэйгээ баяр баясгалантай, аз жаргалтай, хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсье.