Монгол Улсад өнөөдөр зээлгүй хүн ховор. учир нь олсноосоо илүүчилж, хурааж хуримтлуулж чадахгүй болохоор иргэдийн амьжиргаа ихэнхдээ зээлээр явж байна.
Гэвч сүүлийн саруудад зээл хязгаарлагдаж, иргэд банкнаас зээл авах боломж улам багаслаа. Зээлийн нөхцөл улам хатуу болж, банкны зээлийн шалгуур нэмэгдсэнээр иргэд илүү өндөр хүүтэй, эрсдэлтэй зээлийн эх үүсвэрийг сонгох нөхцөл үүсээд байна. Учир нь он гарснаас хойш Монголбанкны Мөнгөний бодлогын хороо болон Санхүүгийн зохицуулах хороо хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд шинэ босго тогтоосон. Арилжааны банкуудын хувьд энэ харьцааг 50 хувьд, ББСБ-уудын хувьд 40:60 харьцаанд баримтлах шаардлага тавьсан. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан билээ. Уг шийдвэр хэрэгжсэнээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас тайлбарлаж буй. Гэвч энэхүү бодлого нь макро түвшинд инфляцыг бууруулах, импортын хэрэглээг багасгах зорилготой ч микро түвшинд өрхийн бодит амьдралд шууд утгаараа дарамт болж байна.
Хэдийнэ нэвтэрсэн хортой зээл
2024 оны байдлаар арилжааны банкууд нийт 40 их наяд төгрөгийн зээлийг иргэн, аж ахуйн нэгжид олгосон бол ББСБ-уудад зургаа орчим их наяд төгрөгийн зээл эргэлдэж байна. Энэ нь нийтээрээ зээлд сөхөрч байгаагийн бодит дүр зураг. Гэвч хэрэглээний зээлийн шалгуур чангарахын хэрээр, иргэдийн хувьд санхүүгийн эх үүсвэр хайх боломж улам хумигдаж, хүү өндөртэй, богино хугацаатай зээлийн зах зээл рүү түлхэгдлээ.
Монгол Улсад ББСБ-уудын тоо сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг эрчимтэй нэмэгдэж байна. Одоогоор Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан 573 ББСБ үйл ажиллагаа явуулдаг. ББСБ нь 2023 онд 4.5 сая харилцагчтай байсан бол 2024 онд 5.3 сая болж зээлдэгчийн тоо огцом өссөн нь энэ салбарын тэлэлтийг харуулж байна.
Түүнчлэн ББСБ-аас олгодог зээлийн хүү сарынх нь 2.8 хувьтай байсан бол 2024 онд сарын хүү нь 3.5 хувь болсноор жилийнх нь хүү 40 хувь давжээ. Үүнээс гадна Монголбанкнаас өнгөрсөн оны III улиралд гаргасан “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д бичсэнээр банк болон ББСБ-аас давхар зээлтэй иргэдийн тоо өсөж байгааг мэдээлсэн. Мөн тэдний зээлийн дүн ч хурдтай нэмэгдэж байгаа нь санхүүгийн системд эрсдэл авчирч болзошгүй байгааг анхааруулсан. Тодруулбал, 2023 оны тавдугаар сартай харьцуулахад давхар зээлтэй иргэдийн банкны зээлийн үлдэгдэл 44.2 хувиар, ББСБ-ын зээлийн үлдэгдэл 53.4 хувиар, зээлдэгчдийн тоо 26.4 хувиар нэмэгдсэн аж. Дээрх тоо баримтаас харахад Монгол Улсын иргэдийн дийлэнх нь ББСБын хэрэглэгч хэдийнэ болж, өрийн сүлжээнд орсон.
Хэдийгээр өр, орлогын харьцаанд тавих шалгуур хатуурсан нь энэ төрлийн зээлд хамрагдах иргэдийн тоо буурахад нөлөөлөх ч иргэд зээлийн хүү өндөр зээлийг сонгосноор зээлдэгчид ирэх санхүүгийн дарамт нэмэгдсээр байгаа юм.
Дурандаа бус хэрэгцээндээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсэн. Тэгвэл 2025 онд ч бодлогын хүү өндөр хэвээр байх хүлээлттэй байх аж. Энэ нь зээлийн хүү буурахгүй, шалгуур сулрахгүй гэсэн үг. Банкны зээлийн шалгуурын индекс 2025 оны I улиралд 0.33 буюу “бага зэрэг чангарсан” дүнтэй гарсан талаар Монголбанкны зээлийн төлвийн судалгааны тайланд дурдсан байна.
2025 оны I улиралд иргэдийн зээлийн шалгуурын индекс 0.33 гарсан бөгөөд банкууд зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулсан гэж мэдэгджээ. Тодруулбал, банкууд 2025 оны I улиралд бизнесийн болон малчны зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан бол тэтгэвэр, цалингийн зээл, хэрэглээ, автомашины зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулсан байна. Ирэх улиралд цалингийн зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулах, бусад төрлийн зээлийн шалгуураа хэвээр хадгалах төлөвтэй байгааг тайланд дурдсан байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гадаад дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн өр, орлогын хязгаарыг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд гаргасан нийт зээлийн гуравны нэгийг хэрэглээний зээл дангаараа эзэлж байна. Иргэд гадаад руу аялах, автомашин худалдаж авах зэргээр хэрэглээний зээл авсан байна. Тухайлбал, өнгөрсөн жил автомашины импорт хоёр дахин нэмэгдсэн. Энэ мэт хэрэглээний зээлийн өсөлт маш ихээр нэмэгдэх болсон. Бид үйлдвэрлэгч орон биш учир хэрэглээний зээлийг нэмсээр байвал валютын урсгалыг гадагшаа алдахад хүргэнэ. Иймд энэ эрсдэлийг бууруулахын тулд хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хумих шаардлага үүссэн.
Тэгвэл үүнээс дүгнэхэд иргэд банкнаас зээл авах боломж цаашид улам бүр бүдгэрэх аж. Түүнчлэн ахмадууд ч мөн адил тэтгэврийн зээлийн нөхцөлийг чангаруулснаар зээл авах боломж нь хумигдаж буй. Улмаар яаралтай санхүүгийн хэрэгцээтэй үед банк бус, ломбард зэрэг өндөр хүүтэй эх үүсвэрийг сонгоход нөлөөлж байна.
Угтаа олонх иргэд цалин хүрэлцэхгүй учраас л зээл авч байж хэрэглээгээ хангаж байсан. Гэтэл одоо тогтмол орлоготой иргэд ч банкнаас зээл авч чадахгүй болж, өндөр хүүтэй, эрсдэлтэй санхүүгийн сувгууд руу түлхэгдэхэд хүрч, өрийн гинжин хэлхээнд улам лав шигдэх болжээ. Харин бодит байдал дээр иргэдийн орлого нэмэгдээгүй, хэрэглээ буураагүй, нийгмийн хамгаалал сайжраагүй атал хатуу мөнгөний бодлогоо үргэлжлүүлсээр байх аж.

Сүүлийн нэг жилд банкны системийн зээлийн хэмжээ 35 хувь өссөний хамгийн их өсөлтийг хэрэглээний болон хадгаламж барьцаалсан зээл бүрдүүлсэн байна. Өрхийн бодит орлогоос зарлага нь илүү өсөлттэй, инфляц 9.6 хувь болж иргэд дутагдсан орлогоо хэрэглээний зээлээр нөхөх хандлага давамгайлах болсон.
Монгол Улсын санхүүгийн бодлого нь урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдалд чиглэж байгаа ч, иргэдийн амьдралын нөхцөлтэй нийцэхгүй болсон нь тодорхой байна. Иргэдийн орлого өсөөгүй, хэрэглээ буураагүй нөхцөлд хатуу мөнгөний бодлого үргэлжилсээр байгаа нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс, санхүүгийн бодлогоор зөвхөн макро эдийн засгийн зорилтыг бодох биш иргэдийн бодит амьдрал, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан илүү уян хатан, тэнцвэртэй хандах шаардлага нэгэнт үүсжээ.