АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Арабын чинээлэг орнуудад хийх айлчлалаа Саудын Араб улсаар эхлүүллээ. Түүний Ойрхи Дорнод дахь айлчлал Катар, Арабын Нэгдсэн Эмират улсуудаар үргэлжилнэ. Айлчлалынхаа төгсгөл Украины дайны гал зогсоох асуудлаар Турк улсад очиж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлсэн. Трамп Саудын Арабт ирснийхээ дараа хэд хэдэн чухал шийдвэрүүдийг танилцууллаа. Юун түрүүнд шилжилтийн Засгийн газар байгуулагдсан Сири улсын эсрэг тавьсан бүх хоригийг цуцлахаа мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч асан Башар Ассадын дэглэмийн арав гаруй жилийн хугацаанд иргэний дайнтай байсан Сири улсад оны өмнөхөн төрийн эргэлт гарсан. Ахмед аль Шараагаар удирдуулсан босогчид Ассадын дэглэмийн нурааж, шилжилтийн шинэ Засгийн газрыг байгуулаад байгаа юм. Башар Ассад ОХУ руу гэр бүлийн хамт дүрвэсэн. Шинэ Засгийн газар, шинэ удирдагчтай болсон Сири улсыг дэмжиж Трамп бүх хоригоо цуцлахаа мэдэгдсэнд Сирийн ард иргэд баяртай байгаагаа илэрхийллээ.
Трамп булангийн чинээлэг орнуудад айлчлах зорилго нь АНУ-ын эдийн засгийг сэргээх хөрөнгө оруулалт татах юм. АНУ Саудын Арабтай 142 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийх гэрээ хэлцэлд Ерөнхийлөгч Трамп болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар гарын үсэг зурлаа. Зэвсгийн наймааны хэлэлцээрээс гадна бусад салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нэг их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид дүгнэсэн байна.
Сонирхуулахад Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр анх сонгогдсоныхоо дараа 2017 онд анхны хилийн чанад дахь айлчлалаа Саудын Араб улсаар эхлүүлж байжээ. Хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирээд удалгүй мөн Саудын Араб улсад хөл тавилаа. Рияд дахь айлчлалынхаа үеэр Трамп Америкт Саудын Арабаас илүү хүчирхэг хамтрагч байхгүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн Трампыг хүлээж авахдаа Саудын Араб улс лаванда цэцгийн нил ягаан өнгийн хивс дэвссэн байна. Трамп үргэлж улаан өнгийн зангиа зүүдэг боловч Саудын хивсний өнгөтэй хослуулж энэ удаа нил ягаан өнгийн зангиа зүүжээ. Төрийн хэмжээний айлчлал, ёслол хүндэтгэлд ихэвчлэн улаан өнгийн хивс дэвсдэг. Саудын Арабт ч мөн улаан өнгийн хивс дэвсдэг байсан боловч 2021 онд хивснийхээ өнгийг лаванда цэцгийн нил ягаан өнгөөр албан ёсоор сольжээ. Энэ нь тус улсын цөлд ургадаг зэрлэг цэцгийн өнгө бөгөөд өгөөмөр сэтгэлийг бэлгэддэг байна.