
72 дахь удаагийн “Miss World” буюу дэлхийн гоо бүсгүйн титмийн эзнийг тодруулах тэмцээн Энэтхэгийн Телегана хотод болж байна. 110 орны гоо бүсгүй оролцож буй тэмцээний явцын шалгаруулалт өчигдрөөс эхэллээ. Телегана хотод цугларсан орон орны миссүүд тусгай хөтөлбөрийн дагуу шалгаруулалтад бэлтгэж эхэлсэн байна.
“Miss World” тэмцээний спортын шилдэг оролцогчын нэрс энэ сарын 17-нд тодрохоор болжээ. Өөрөөр хэлбэл, 110 орны миссээс спортлог миссээр шалгарсан тохиолдолд шууд финалын шалгаруулалтад орох эрхийг авах юм. Мөн ирэх долоо хоногт хамгийн гол үзүүлэлт болох "Miss World Top Model” шалгаруулалт явагдаж, таван гоо бүсгүй тодорно. Урьдчилсан шалгаруулалтаас хамгийн өндөр оноог авч шалгарсан миссүүд энэ сарын 31-нд болох финалд шууд орох эрхийг авах юм.
72 дахь удаагийн “Miss World”-д Монголоос үндэсний ялагч мисс Б.Эрдэнэсувд оролцож байгаа билээ. Тэрээр өчигдрөөс эхлэн тусгай арга хэмжээнд оролцож эхэлсэн. Б.Эрдэнэсувд Энэтхэгийн орон нутгийн сувгуудад ярилцлага өгсөн байна. Мөн “Miss World Festival”-д оролцож, явцын шалгаруулалтад бэлтгэж эхлэв.
Ташрамд сонирхуулахад, “Miss World” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монголын мисс А.Баярцэцэг ТОП 11-т шалгарсан амжилтыг 2016 онд үзүүлж байжээ. Энэ нь манай миссүүдийн “Miss World”-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.
