Филиппин улсад өнгөрсөн амралтын өдөр болсон сонгуулиар Гаагийн хорих газарт байгаа Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хотын даргаар сонгогджээ. Родриго Дутерте Филиппин улсын 16 дахь төрийн тэргүүнээр 2016-2022 оны хооронд ажиллаж байсан хүн юм. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаандаа хууль бус мансууруулах бодисны бүлэглэлүүд, гэмт хэрэгтнүүдтэй хийсэн дайныхаа үеэр гэм зэмгүй олон мянган хүний аминд хүрсэн нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг хэмээн Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхээс үзсэн билээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард Дутертег баривчлан саатуулж хорьж байна.
Өнгөрсөн амралтын өдөр Филиппин улсад завсрын сонгууль боллоо. Энэ сонгуульд санал өгөх эрхтэй 60 сая гаруй иргэн сенат, парламентын гишүүд болон орон нутгийн эрх барих засаглалын нийт 18 000 хүнийг сонгосон юм. Саналын хуудсыг тоолох ажил хараахан бүрэн дуусаагүй ч урьдчилсан дүн мэдээ гарч эхэлжээ. Урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч асан Дутерте хэдий Гаагийн хорих газарт хоригдож байгаа боловч төрөлх хотынхоо даргаар сонгогдож чадсан байна. Саналын хуудасны 60 хувийг тоолсон дүнгээр Дутерте 405 000 санал аваад байгаа бол түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн нэр дэвшигч бараг арав дахин бага буюу 49,000 санал авсан тухай Сонгуулийн хороо мэдээлжээ. Харин албан бус мэдээллээр саналын хуудасны 80 хувийг тоолсон дүнгээр Дутерте Давао хотын даргад сонгогдсон байна. Энэ 80 нас хүрсэн Ерөнхийлөгч асан Дутерте Филиппиний Лейте хотод төрсөн ч хүүхэд байхдаа гэр бүлийнхээ хамт Минданао арлын Давао хот руу нүүж, тэнд өсжээ. Тус хотод Дутерте гэмт хэргийг таслан зогсоосон гэдгээрээ тун нэр хүндтэй байдаг аж.
Дутертегийн цахим хуудсанд түүнд баяр хүргэсэн дэмжигчдийнх нь мэндчилгээ дүүрсэн байна. Энэ сонгуулиар Дутертегээс гадна түүний ойрын туслахуудаар удаан хугацаанд ажиллаж байгаад мөн гэмт бүлэглэлүүдийн эсрэг дайнд гэмгүй хүмүүсийг хохироосон хэрэгт шүүгдэж байгаа Кристофер Бонг, Роналд Бато нар сенатын гишүүдээр сонгогдсон байна. Энэ сонгууль Дутерте болон өнөөгийн Ерөнхийлөгч Маркосын өрсөлдөөний том талбар боллоо гэж шинжээчид дүгнэж байна.