Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн тэмцээн талдаа оржээ. 34 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд шилдгүүдээ тодруулах тэмцээнд Монголын баг амжилттай тоглож байна. Энэ тэмцээнд Ази тивийн орнуудаас гадна ОХУ-ын баг оролцож байгаагаараа онцлог болж, өрсөлдөөнтэй болгож байна. Азийн шатрын холбоонд хойд хөрш элссэн учраас тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа юм. Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд их мастер 53, эмэгтэй их мастер 19, Олон улсын цолтой 228 шатарчин тоглож байна.
Өчигдөр тав дахь өргийн тоглолт болж, урьдчилсан дүн гарлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн их мастер С.Сэшадри, ОХУ-ын Анастасиа Боднарук, Монголын Т.Мөнгөнзул нар адил 4,5 оноотой тэргүүлж эхэллээ. Эдгээр шатарчдын араас БНХАУ, Энэтхэг, ОХУ, Узбекистан зэрэг орны долоон тамирчин адил 4.0 оноотой бичигдэж байгаа. Харин тэдний дунд Монголын Б.Мөнгөнтуул багтжээ. Шатарчид нийт есөн өрөг тоглохоос таван өргийн тоглолт хийсэн. Өнөөдөр зургаа дахь өргийн тоглолт болно. Энэ өрөгт тэмцээнийг тэргүүлэгч Энэтхэгийн Сэшадри ОХУ-ын Анастасиа Боднаруктай, Монголын Т.Мөнхзул БНХАУ-ын Сон Юишинтэй тоглохоор оноолт таарчээ. Мөн их мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын Г.Олгатай зургаа дахь өрөгт тоглох хуваарь гарсан байна.
Эрчүүдийг Ираны Данэшвар Вардияа, Энэтхэгийн К.Мурали нарын их мастерууд адил 4,5 оноотой тэргүүлж эхэлсэн бол БНХАУ, ОХУ, Энэтхэгийн таван шатарчин 4.0 оноотой удаалж байна. Манай шатарчдаас Олон улсын мастер Г.Амартүвшин гурван оноотой 51-р байрт жагсаж байна.
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг https://chess-results.com харж болно. Тоглолтыг www.chessbase.in-с үзэх боломжтой юм байна.