Засгийн газрыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийн агуулга нь цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг бүхэлд нь хориглох байв. Энэхүү хуулийн төсөл нь өргөн мэдүүлсэн даруйдаа олны анхаарлыг татаж байлаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа 1ХBET сайтаар дамжуулж 2024 онд 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар зуучлагч агентуудаар дамжиж гадагшаа гарсан байна. Монголбанкнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн нэг, хоёрдугаар сард 87 сая ам.доллар гарсан байна. Үндэсний статистикийн хорооноос судалгаа хийсэн. 2023 оны байдлаар 200 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2024 онд гэмт хэргийн улмаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл байдаг.

Гадаадын улс орнууд үүнийг хэрхэн зохицуулдаг вэ гэдгийг судалж үзсэн. 2024 оны есдүгээр сарын байдлаар Ази Номхон далайн 46 улсын 21 нь цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг бүхэлд нь хууль бус гэж үздэг. Эрүүгийн хариуцлага нь өндөр. Долоон улс хуулиар хүлээн зөвшөөрч, зургаан улс хэсэгчилсэн байдлаар зохицуулдаг. 13 улс нь ямар ч зохицуулалтгүй байгаа.

Бид төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглосноор Зөвшөөрлийн тухай хуулиас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэсэн тусгай зөвшөөрлийг хасаж байна гэсэн үг. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Гурван үйлдлийг хуульчилж байгаа.

  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
  • Зуучлах. Зуучлагч гэдэгт агентууд орж байгаа. Манайд 1ХBET-ийн 110 агент байдаг. Агентууд 2-3 хувийн шимтгэл авдаг. Зарим нь таван хувийн шимтгэл авдаг.
  • Олон нийтэд сурталчлахыг хориглоно.
  • Зохион байгуулалттай тоглосон бол Зөрчлийн хуулиар торгоно.

Хориглосон ч VPN, гадаадын банкны карт ашиглаж тоглох тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хориотой болно. Хууль хяналтын байгууллага ядаж гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг нь хянах ёстой гэж үзэж байгаа. Хууль батлагдсан тохиолдол төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом тоглодог хүмүүсийн тоо 65 хувиар буурна гэж үзэж байгаа” гэсэн юм.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Жилд 500 сая ам.доллар гэдэг бол бага мөнгө биш. Нэг жилийн хүүхдийн мөнгөний санхүүжилттэй тэнцэх хэмжээний мөнгө. Энэ оны эхний хоёр сард 87 сая ам.доллар гэдг бол өмнөх оноосоо бараг хоёр дахин өсөх үзүүлэлт” гэсэн бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Олон айл өрийн амьдралыг уруудуулсан гомдол манай яам боолон цагдаагийн байгууллагад ирж байна. Энэ хуулийг өргөн барихтай зэрэгцээд олон гомдол ирж байгаа. Хууль хэрэгжүүлэхтэй зэрэгцүүлээд донтсон хүмүүсийг эмчлэх, өөрчлөх ажлууд хийнэ” гэж байлаа.

Сайд нарын энэхүү мэдэгдэл, сайн дуруураа BET-нд мөнгөө алдсан хүмүүсийн харамсалтай түүхтэй холбоотойгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлыг татаж байсан ч дараа дараагийнхаа асуудалд дарагдаж мартагдсан. Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээс хойш П.Сайнзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллажээ. Ажлын хэсэг төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглохоор заасан хуулийн төслийн зүсийг хувиргаж спортын бооцоот таавраас бусад мөрийтэй тоглоомыг хориглох нь зүтэй гэж үзсэн байна. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг яагаад ингэж өөрчилж байгаагаа тайлбарлахдаа "Спорт бэтнээс бусад мөрийтэй тоглоом болон казино тоглохыг хориглож байгаа. Хэрэв Засгийн газрын өргөн барьснаар баталбал хамгийн түрүүнд бооцоот морин уралдаан зохион байгуулж байгаа уяачид эрүүгийн хариуцлага хүлээнэ. Иргэд спортод мөнөгөө алдаад байгаа зүйл байхгүй. Спортын сайт гэж үзээд байгаа 1X BET-ээр дамжуулаад казинод мөнгөө алдаж байгаа. Тиймээс казиног бүрэн хориглож байгаа" гэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ажлын хэсгээс санал болгож буй энэхүү өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж "УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад спорт таавар буюу үр дүнд нь урьдчилан нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн, уралдааныг зөвшөөрөхөөр болж байгаа юм байна. Үүнийг УИХ шийднэ. Засгийн газар бол бүхэлд нь хориглох саналтай байгаа. Яагаад гэхээр, спорт бооцоот тоглоом нэрийн дор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Тиймээс Засгийн газар хуулийн төслөө нэн яралтай горимоор өргөн барьсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд УИХ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1XBET-ээр дамжаад 16.6 сая ам.доллар гадагшаа гарсан байна. Хурдан хугацаанд энэ хуулийг батлах шаардлагатай байна" гэсэн юм.

Хуулийн төслийг анх өргөн барихад 87 сая ам.доллар 1XBET-ээр дамжин гараад байсан бол хэлэлцэж байх зуур нэмээд 16.6 сая ам.доллар гадагшаа гарчээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгээс АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусч Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төслийн хязгаарлалтыг сулруулснаар 1XBET Монголд спорт тааврын үйл ажиллагаагаа явуулсаар л байх нь. Харин тус сайтад байршуулсан бусад бооцоот тоглоомыг хориглох юм байна. Хуулийн төслийг ингэж өөрчлөхөд хэн нөлөөлөв гэсэн хардлага бий болоод байгаа юм. Ажлын хэсэг үнэхээр ингэж шийдэв үү, эсвэл энэ зах зээлд ажиллаж буй хүмүүс нөлөөлөв үү?