
Саудын Арабын хаант улсын Дахран хотод 2025 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Азийн физикийн XXV олимпиадад Азийн 30 орны 240 орчим сурагч, 100 орчим багш, дасгалжуулагч оролцлоо.
Монголын багийн найман сурагч оролцож 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн бол тус сургуулийн сурагч Г.Амар, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Г.Батбаяр, Э.Ичинбат, А.Орхонтуул мөн Сант сургуулийн сурагч Г.Азжаргал, Абсолют-Элит сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхтөгс нар хүрэл медаль хүртсэн юм.
Шагнал гардуулах үйл ажиллагаа Монголын цагаар маргааш буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны 09:00 цагт болно.
Монголын багийн ахлагчаар МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш доктор, дэд профессор Г.Зоригт нар ажиллаж УФО-ын хорооны дарга М.Ганбат, МУИС-ийн багш М.Отгонбаатар нар сурагчдаа дасгалжуулсан юм.

Өнгөрсөн жил Монгол Улс 2 хүрэл медаль, 2 шагналт байр эзэлж байсан. Ирэх жил "АФО2026" Солонгосын Бусан хотод зохион байгуулагдана.