Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлээс урьтаж, татварын багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барина гэж хүлээсэн нь талаар болов.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барилаа. Ингэхдээ 2025 онд 33.5 их наяд төгрөг байхаар батлагдсан төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 2026 онд ч энэ хэмжээнд байхаар тооцож, ДНБ-д эзлэх тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.7 хувь байхаар төсөөлжээ. Алдагдалгүй төсөв батлах жишиг ирэх онд ч үргэлжлүүлэхээр төсвийн нийт зарлагын тооцож, хуулийн төсөлд тусгажээ.
Цаг хугацааны хувьд хоцорсон ч Татварын багц хуулийг шинэчлэх орон зайг тооцож, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 11 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 170 мянган санал ирсний 56 хувь нь татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой байв. Тодруулбал 82 хувь нь НӨАТ, 12 хувь нь ХХОАТ, 5 хувь нь ААНОАТ, нэг хувь нь бусад татварын хувь хэмжээг бууруулах талаар олон нийт санал ирүүлжээ. Иймээс ч Засгийн газраас Татварын багц хуулийг шинэчлэхдээ “ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛЭХ ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ” болгохоор хуулийн төслөө боловсруулжээ.
НӨАТ-ын босго 400 сая төгрөг
Бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ-ыг бүх нийтээрээ тэгш, шударга төлдөг болох хэд хэдэн өөрчлөлт хийхээр хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал аж ахуйн нэгжийн хувьд салбарын чөлөөлөлтгүй, бүх бараа НӨАТ-тай болох, НӨАТ-ын босго 400 сая төгрөг болж нэмэгдүүлж, босгоос доош хялбаршуулсан горим ашиглахаар, НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл хойшлуулах, үндсэн хөрөнгө авахад НӨАТ хязгаарлалттай хасдаг байсныг өөрчилж шууд хасахыг зөвшөөрөх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр 2028 он гэхэд иргэн, аж ахуйн нэгжийн 98 хувь нь НӨАТ-д хамрагдана гэж хууль санаачлагчдын зүгээс тооцжээ.

"Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль гээд татварын хуулиудад их бага хэмжээгээр өөрчлөлт оруулна. Хувь хэмжээнээс эхлээд татварын тогтолцоонд гол гажуудал үүсгэж байгаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг өөрчлөхөөр зорьж байна. Тухайлбал зарим нэг салбарыг НӨАТ-аас чөлөөлснөөр орлогоо бүрэн бүртгэх боломж хязгаарлагдаж байна. Иймээс ч эцсийн хэрэглэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх байдлаар энэ гажуудлыг засахаар хуулийн төсөлд тусгасан. Худалдан авалтаас хамаарч бүх иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ. Та 500 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн бол 100 хувь, 500-800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын 50 хувь, 800 мянган төгрөгөөс дээш худалдан авалтын НӨАТ-ын 20 хувийг буцаан олгоно. Ингэснээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, худалдан авах чадвар сайжирна."
800 мянган төгрөг хүртэлх орлогыг ХХОАТ-аас 100 хувь хөнгөлнө
Цалин авч хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хатуу, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд давуу тал олгосон, бодит цалингийн орлогыг бууруулсан өндөр босго, тэгш хүртээмжгүй хөнгөлөлт, чөлөөлөлт гээд ХХОАТ-ын хуулийн шинэчлэлээр олон өөрчлөлтийг олон нийт хүлээж буй. Иймээс ч Засгийн газрын өргөн барихаар зэхэж байгаа татварын багц хуулийн төслөөс урьтаж ХХОАТ-ыг 1 хувь болгохоор 100 мянган хүн гарын үсэг зурж, энэ асуудал УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэгдэж, нэр бүхий гишүүд ч хуулийн төсөл боловсруулаад эхэлсэн.
ХХОАТ-ЫН хувь хэмжээг цалингийн орлогод ногдуулахдаа жилийн орлого нь 0-120 САЯ ТӨГРӨГ-10%, 120-180 САЯ ТӨГРӨГ-15%, 180 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ-20 хувь байхаар 2022 онд хуульд өөрчлөлт оруулсан. Доод босго 10 хувь байгаа татварын хувь хэмжээг нийтээр нь 1 биш болгохгүй ч 100 хувь хөнгөлөх орлогын дээд хэмжээг хуулийн төсөлд тусгажээ. Сарын орлого нь 800 мянган төгрөг, жилдээ 9.6 сая төгрөг хүртэлх орлоготой бүх иргэдийн ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлнө. Гэхдээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч биш, амьжиргааны доод түвшин ч биш, 800 мянган төгрөг гэх энэ хязгаарыг ямар үндэслэлээр хуулийн төсөлд тусгасан нь тодорхойгүй. Байнга өөрчлөгддөг хэмжээгээр хуульд хувь хэмжээг тогтоох нь инфляц, төсвийн орлого гээд эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэлтэй учраас эхний ээлжид хууль хэрэгжиж, тогтолцоо сайжиртал ингэж хэмжээг тогтоосон гэж хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч тайлбарласан. Магадгүй 4-5 жилийн дараа энэ хэмжээг дахин өөрчлөх асуудал яригдахыг үгүйсгэхгүй гэдгээ ч тэрээр нуугаагүй.
ААНОАТ төлөх босгыг нэмэгдүүлнэ
Бусад татварын хуулиудтай харьцуулахад хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийг хангалттай тусгасан хууль нь ААНОАТ-ын хууль гэж судлаачид дүгнэдэг. Гэхдээ бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд татвар төлөх зарим нэг босгыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал одоогийн хуулиар 1 хувиар ААНОАТ төлөх орлогын босго 1.5 тэрбум төгрөг байгааг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 3 жилээр хөнгөлөх, 25 хувиар татвар төлөх босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөг хүртэлх ашгийн татварыг 15 хувь болгон бууруулах, хүний нөөцийг дэмжихтэй холбоотой хасагдуулахыг зөвшөөрөх зардлыг зэрэг дэмжлэгийг хуулийн төсөлд тусгажээ.
Төсвийн орлогод 3.6-4 их наяд төгрөгөөр нөлөөлнө
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр дэмжих олгоход татварын 2.4 их эрхлэлтийг хөнгөлөлтийг наяд харин бизнесийн төгрөг, идэвхжилийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгээр 1.6 их наяд төгрөг гээд төсвийн орлогод 3.6-4 их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж тооцжээ. Энэ нь 2024 оны төсвийн татварын орлогын 15 хувьтай тэнцэх дүн бол энгийнээр 11 сая тонн нүүрсний экспортын орлого, нэг жилийн төсвийн хөрөнгө оруулалтын өртөгтэй тэнцүү хэмжээний дарамт гэж ойлгож болох юм.