
Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо. 28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа. Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Хүүхдийн төлөө фондод цугласан 25 тэрбумыг хүүхдийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтад зарцуулна
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа (2025.05.07) мэдээлэл хийхдээ "Өнгөрсөн хугацаанд Хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг цугларсан. Харамсалтай нь энэ мөнгийг захиран зарцуулах журам хоцрогдсон байсан учраас шинэчлэн баталсан. Энэ хөрөнгийг хэрхэн арвижуулах, олон нийтэд ил тод байх вэ гэдэг чиглэл өгсөн. Үүнийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна. 2025 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсад 220 гаруй зуслан ажиллаж байсан. Харамсалтай нь өмч хувьчлалаар үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдсөн байна. Шинээр дөрвөн улирлын зуслан байгуулах талаар ярьж байна. Гэр бүлийн хуулийн 2025 онд шинэчилнэ. Уг хуульд маш олон зохицуулалт орсон. Үүнийг эрх зүйн үүднээс зохицуулахын тулд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна" хэмээв.
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн тавдугаар сарын 8-ны хуралдаанаар Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд С.Магнайсүрэнг нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм. УИХ-ын гишүүд энэхүү саналыг нь дэмжиж Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, С.Магнайсүрэнг томилсон. С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.
Боловсрол:
1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.
"Үнэн ба зөв" нам хоосон хоцров
Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгохоор хуульчилсан. Хуулийн хугацаанд 28 нам тайлангаа ирүүлснийг аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасан. Эдгээрээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд олгох төрийн санхүүжилт, дөрвөн жилд нэг удаа олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хуралдаанаар хэлэлцэв. Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан зохицуулалтын дагуу төрийн санхүүжилт авах эрх бүхий 7 нам, эвслийн санхүүгийн тайланг хянаж үзэхэд "Үнэн ба зөв нам" нь 2024 онд хуульд заасан дээрх 4 төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй, харин Үндэсний эвсэлд нэгдсэн намуудын орлогын нийлбэр санхүүжилтийн дээд хэмжээнд хүрээгүй тул төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь энэ жилийн хувьд буурч олгогдохоор шийдвэрлэлээ. Бусад нам, эвслийн тухайд санхүүгийн тайлан хуульд заасан шаардлага хангаж байгаа тул төрийн санхүүжилтийн дээд хэмжээнд заасан дүнгээр санхүүжилт олгохоор тогтов.