Москва хотын Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойд зориулсан парад боллоо. Ёслолын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс нацизмын эсрэг үргэлж тэмцэх болно гэж мэдэгдэв.

Тэрээр "Орос улс нацизм, орософоби, антисемит үзлийн эсрэг бат зогсож, эдгээр түрэмгий, хорлон сүйтгэгч үзэл санааг дэмжигчдийн үйлдсэн харгислалтай тэмцэх болно. Үнэн, шударга ёс бидний талд байна. Оросын ард түмэн энх тайван, цэргийн үйл хэрэг, улс орныхоо нэрийн өмнөөс асуудлыг шийдвэрлэхдээ эв нэгдэлтэй байх болно. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн сургамжийг гуйвуулах, жинхэнэ ялагчдыг гүтгэх оролдлоготой хэзээ ч санал нийлэхгүй. Бидний үүрэг бол дэлхийн түүхэнд Оросын дайчид болон мөнхөд үлдэх Улаан армийн цэргүүд, командлагчдын нэр төрийг хамгаалах явдал юм" гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч цааш нь "Цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдыг улс орон, нийгэм, ард түмэн бүхэлд нь дэмжиж байна. Тэдний эр зориг, шийдэмгий байдал, үргэлж ялалт авчирсан сэтгэлийн хүчээр бид бахархаж байна" хэмээн тэмдэглэв.

ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр, баярын парадад 11.5 мянга гаруй цэргийн албан хаагч оролцож байна.