
Социализм бол бүтэлгүйтлийн тухай философи, мунхгийн итгэл үнэмшил, атаархлын дуу хоолой. Түүний төрөлх араншин бол зовлонг тэгш хүртээх явдал. Винстон Черчилль
Пролетарийн их удирдагч насан эцэслээд нэгэн зуун улирахад Ленинээр овоглосон ихэнх зүйлийн өнгө болоод үзэл санаа хувирчээ. Хүн төрөлхтний түүхэнд тодорсон аугаа сартваах хэмээгдэн бурхан Буддагаас ч нэр хүндээр давж явсан Владимир Ильичийн үйл хэрэг байтугай овог нэрийг нь ч дуулаагүй бүтэн үе өсөж өндийснөөр Ленинээр овоглосон сүүлийн музей саяхан Финландад үүдээ барилаа.
1946 онд Финланд-Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болгон нээгдэж байсан Тампер дахь Лениний музей эв хамтын тунхаг цаасан дээрээ үлдэж коммунизмын үлгэр төгсөхөд хилийн чанадад хоцорсон сүүлийн төрөлжсөн үзмэр байсан билээ.
Гэвч Украины дайн эхэлснээр финчүүд хөрш Орост таагүй хандахын дээр Октябрийн хувьсгалын удирдагчийн дурсгалаар тоож шагайхаа болин, музейг татан буулгахыг шаардах болжээ. Лениний овгоо “Nootti буюу дипломат баримт бичиг” нэрээр сольж өнгөрсөн долоо хоногт цоо шинээр нээгдсэн музей дахин коммунизмын түүхийг хөндөхгүй. Харин 1917 оны хувьсгалаар хаант Орос улс задрахад Финланд хэрхэн тусгаар тогтносон хийгээд иргэний дайн, Сталины талхин доорх ЗХУ-д фин үндэстнүүд хэрхэн зүдэрч байсан түүхийг өгүүлэх аж.
1990 онд коммунист систем нуран унахтай зэрэгцээд дэлхийн хөдөлмөрчдийн их багшаар овоглосон олон байгууллага зорилго чиглэлээ өөрчилж, хуучин социалист орнуудад Зөвлөлтийн нөлөө шахалтаар байгуулсан үзмэрүүд хаагдсаны нэг нь Улаанбаатар дахь музей байв. Лениний толгойн асар том баримлынх нь доор нэг хэсэгтээ уушийн газар, биллярд тоглоом ярайж байгаад арав гаруй жилийн өмнөөс үлэг гүрвэлийн музей төвхнөсөн билээ. Одоо дэлхий дээр Ленинээр төрөлжсөн ганцхан музей үлдсэн нь түүний төрөлх эх оронд, Москва хотын хуучин Думын байранд эл хульхан оршино.

Хүний гараар бүтээсэн хөшөө дурсгалууд
Владимир Ильич Ульянов 1924 онд манай ертөнцийг орхисон боловч түүний дүр төрхийг мөнхөлсөн хөшөө дурсгал өдгөө ч хэдэн мянгаар тоологдсон хэвээр. Ленин үнэндээ шашингүй үзэлтэн байсан ч бусад түүхэн хүмүүсийн дундаас хамгийн олон хөшөө дурсгал босгуулснаараа Буддатай эн зэрэгцэнэ. Социализмын он жилүүдэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хийгээд коммунист үзэл сурталтай орнуудад их багш Лениний хэдэн арван мянган хөшөө, баримал босгосон. Бүр алс өмнөд туйлд 1958 онд Лениний цээж баримлыг залж байв. Дэлхий даяар нийтдээ 14 000 орчим хөшөө байсан гэж үздэг ч социалист лагерь бутарч, хүйтэн дайны хөшиг хаагдсан 90-ээд оны эхэн үед тал хувь нь сүйтгэгдэж эсхүл гантиг чулуун индрээс агуулахын мухар луу шидэгджээ.
Орос улс Лениний утопи мөрөөдлөө орхиж, капитализмыг бүрэн хүлээн зөвшөөрсөн ч ЗХУ-ыг үндэслэгчийн нэрэмжит гудамж, талбайн нэршил янзандаа.
Одоогоор Лениний 6000 орчим хөшөө, баримал үлдсэний ихэнх нь мэдээж ОХУ-ын нутаг дэвсгэрт бий. Тэр дундаа Москвад 200 орчим, Санкт-Петербургт 150 орчим хөшөө сүндэрлэсэн хэвээр аж. ЗХУ-ын залгамж Орос оронтой муугүй харилцаатай Беларусьт 400 орчим, Казахстанд 150 гаруй баримал бий.
Дэлхий даяар түгсэн Лениний хөшөөний түгээмэл загвар нь гараа сунган коммунизмд уриалах эсвэл зүгээр л эргэцүүлэн бодож зогсох дүртэй. Эдгээр хамгийн алдартай нь уран барималч Сергей Меркуровын загвар болох малгайгаа атган урагш тэмүүлсэн Лениний сэрэг дүр байдаг. Уран барималч Алексей Котихин түүнийг хүрэмнийхээ энгэрийг барьснаар дүрсэлсэн бол Николай Шилников хуйлсан цаас атгаснаар зураглажээ. Гараа урагшаа сунган хүн төрөлхтнийг коммунизмын чиг баримжаанд хөтөлж буй сэрэг дүрийг бүтээсэн Георгий Алексеевын хувилбар гэхэд л хэдэн зуун хувь бүтээгдэн ЗХУ-ын үеийн бүхий л том хотуудын төв талбайд заларч байв. Чулуун суурьтайгаа 7.7 метрээр хэмжигдэх Лениний аварга том толгойн баримал Улаан-Үдийн төв талбайд өдгөө ч сүндэрлэн буй нь Байгал нуураар аялах манай жуулчдын зорин очиж зургаа татуулдаг гол цэг.

Ерөнхийдөө Зөвлөлт улсад өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзсэн 1985 оноос Лениний хөшөө дурсгалыг шинээр бүтээх явц зогссон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд коммунизмын талхинд өнгөрөөсөн бараан түүхээ баллуурдах хүслээр хуучин социалист орнууд эрчимтэйгээр Лениний хөшөөг буулгах болсны дотор Украинд 1400 шахам дурсгалыг буулгажээ. Оросын хувьсгалчийн хөшөөг нураах улс орон байхад шинээр босгон коммунизмын үзэл санаандаа үнэнчээ илэрхийлэх хэсэг ч бий. 2017 онд Орост хувьсгал ялсны 100 жилийн ойгоор Венесуэль улс төв талбайдаа В.И.Лениний цээж баримлыг байршуулж, Ерөнхийлөгч Н.Мадуро биечлэн нээж байв.
Тэгвэл Америкийн Сиэтл хотод “суурьшсан” хөшөөний түүх илүү сонирхолтой. Галын дундаас гарч ирж буй удирдагчийн таван метр өндөр хөшөөг Словакт амьдарч байсан Льюис Карпентер хэмээх эрхэм хөшөөг 13000 ам.доллараар худалдан авч өөрийн зардлаар Сиэтл рүү илгээжээ. Америкт словак ресторан нээн үүдэн хэсгийг нь Ленинээр мануулах түүний мөрөөдөл биелсэнгүй, авто ослоор өөд болоход гэр бүлийнхэн нь хөшөөг Сиэтлийн төмөрлөгийн үйлдвэрт тушаав. Үйлдвэрийн захирал хөшөөг урлагийн бүтээл гэдэг талаас нь анзаарч алслагдсан Фремонт дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд босгох газар олжээ. 2017 онд тус хотын захирагч хөшөөг буулгах санаачилга гаргасан ч иргэдийн дэмжлэг аваагүй юм. Сиэтлийн оршин суугчид Владимир Ильичэд хэдийнэ ижил дасал болж, Хэллоуины баяраар хулуугаар чимэглэн Зул сараар гэрлэн чимэглэл зүүдэг ажээ.
Харин Улаанбаатарын төв сааданд 58 жил “зогссон” Ленин Тэрэлжид буурь сэлгээд он удаж байгаа бол залуу Ульяновын баримал Хүүхдийн урлан бүтээх төвийн чанх үүдийг халхалсан хэвээр.

Мартагдсан бунхан
Лениний төрсөн хийгээд нас барсан өдрөөр Оросын коммунистууд түүний дурсгалыг хүндэтгэж Улаан талбайд жагсаал хийдэг уламжлал өнгөрсөн өвөл тасалдав. Шалтгаан нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн жилүүдэд өнгөрсөн түүхэнд шүүмжлэлтэй хандаж Украиныг тусгаар улс болох үндсийг тавьсан Владимир Лениний гавьяаг бус гайг тодотгох болсон юм. Тэгсэн атлаа Улаан талбай дахь бунхнаас нь Лениний шарилыг гаргаж төвдөөгүй л байна.
2016 оны мэдээллээр хувьсгалын удирдагчийн занданшуулсан шарилыг хадгалахад жилд 140 000 фунт стерлинг зарцуулдаг аж.
Гэхдээ оросуудын дунд явуулсан санал асуулгаар гуравны нэг нь Лениний шарилыг оршуулахыг дэмжсэнээс харахад пролетарийн удирдагч бунхандаа ахиад 100 жил ч мөнхөрч магад. Украины дайнаас ч өмнө Путинаас дэмжигчид нь Лениний шарилыг оршуулах эсэх талаар асуухад “Бид нийгмээ хагалан бутаргах алхам хийхгүйн тулд маш болгоомжтой байх хэрэгтэй” хэмээн хариулж байв. Харин 2024 онд бунхныг хөндөх талаар үг яриа гарсан ч удалгүй замхарсан. 100 жилийн өмнө ЗХУ-ын тогтолцоог зурахдаа алдаа гаргаж үндсэрхэг үзэлтнүүдийг хүлцэн, салан тусгаарлах эрхтэй бүгд найрамдах улсуудыг бий болгосон хэмээн Ленинд гоморхож яваа Путинд ойрын бодол буй биз.