
БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ. Тавдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, Ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох юм.
ОХУ, БНХАУ-ын удирдагчдын яриа хэлэлцээний үеэр иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх үндсэн асуудлууд, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлууд хөндөгдөх талаар Кремлийн хэвлэлийн алба өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тавдугаар сарын 8-нд болох ганцаарчилсан уулзалтын үеэр эдийн засаг, эрчим хүчний бүхий л асуудлыг, тэр дундаа "Сибирийн хүч-2" хийн хоолойн талаар хэлэлцэнэ гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ. Путин, Ши Жиньпин нарын уулзалтад түүнчлэн Украины асуудал, Москва, Вашингтоны харилцаа гээд "хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн асуудлууд" багтсан болохыг Ушаков тодотгов. Хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Засгийн газар болон яам хоорондын зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
“Сибирийн хүч -2” төслийн хэлэлцээ 10 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд хийн хоолой Монголын нутгаар дамжвал ОХУ жилд 50 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлэх юм.