Дэлхийн улс орнууд The night time economy (NTE) буюу шөнийн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.

Хотын хувьсгал 24/7

Шөнийн эдийн засгийг Европ болон дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж буй салбар бөгөөд хотуудын тогтвортой өсөлтийг хангахад чухал нөлөөтэй гэж үзэх болжээ. Тиймээс Cities After Dark гэдэг ойлголт бий болж. Европын холбоо шөнийн эдийн засгийн стратегийг хөгжүүлэх зорилготой NITIES гэж төсөл хэрэгжүүлдэг юм байна. Энэ хүрээнд шөнийн эдийн засгийн удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагаа, хэтийн төлөв гээд олон асуудлыг цогцоор харж, шийддэг аж. Барууны хотууд шөнийн эдийн засгийг төсөв, орлого, санхүүгийнхээ салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг байна.

Үүнд оройн 18:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд зохион байгуулах амралт, чөлөөт цагт зориулсан зугаа цэнгэл, зочлох үйлчилгээ, музей, амьд хөгжмийн тоглолт зэрэг урлаг, соёлын арга хэмжээ, шөнийн цагаар ажиллах нийтийн тээвэр, иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал гээд бүгд багтана. Европын хотууд бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шөнийн эдийн засгийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Үүнийг “Хотын хувьсгал 24/7” гэж нэрлэж байна.

Европ, Америкийн хотууд шөнийн эдийн засгийн зөвлөл, оффисуудыг байгуулж, энэ чиглэлийн тусгай менежерүүдийг томилох болсон байна. Цар тахлын өмнө буюу 2019 оны байдлаар дэлхийн 50 гаруй хотод шөнийн хотын дарга, захирагч нар эсвэл Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны бүтцэд ажилладаг шөнийн эдийн засаг хариуцсан бие даасан байгууллагуудтай болоод байжээ.

Лондон хот 24 цагийн алсын хараагаа 2017 онд эхлүүлсэн. Амстердам хот 2021 онд “Amsterdam’s Night Vision” гэж баримт бичиг баталсан нь Нидерландын хотуудаас шөнийн соёлыг тусгайлан тусгасан анхны баримт бичиг болжээ. Мөн тус хот Шөнийн соёлыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг эхлүүлжээ.

Парис хотод 2010 онд шөнийн эдийн засгийн асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, 2014 онд хотын шөнийн бодлогыг боловсруулж, Шөнийн зөвлөлийг (Conseil de la Nuit) байгуулжээ. Австралийн Шинэ өмнөд Уэльс муж 2018 онд Хөгжим, шөнийн эдийн засгийн сайдыг томилсноор шөнийн цагийн эдийн засгийн ач холбогдлыг муж улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байна. Сидней хот шөнийн эдийн засгийг хөгжүүлснээр үр шимийг нь хүртэж буй. Ирландад 2023 онд соёл, урлагийн газруудад шөнийн цагаар үйл ажиллагаа явуулах арга хэмжээг төрөлжүүлэх зорилгоор туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, улмаар шөнийн эдийн засгийн үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ. Канадын Оттава хот 2024 онд Шөнийн амьдралын эдийн засгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Энэ дагуу Шөнийн эдийн засаг, үйл ажиллагааны комиссарын газрыг байгуулжээ.

Улаанбаатар шөнийн сайдтай болох уу?

Улаанбаатар хот мээрээс гадна түгжрэл хариуцсан сайдтай байж үзсэн. Түүн шиг шөнийн хотын дарга эсвэл шөнийн сайдтай болж болох юм.

Европын улс орнуудад ийм бодит туршлага, бэлэн жишээ зөндөө. Шөнийн эдийн засгийн засаглал гэхээр албархуу сонсогдож, уншигдах байх. Гэхдээ яах аргагүй ийм нэр томъёо байна. Шөнийн эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж буй хотууд шөнийн операторуудын комиссыг байгуулж, шөнийн хотын дарга нарыг сонгодог юм байна. Жишээ нь, Берлиний Клубын комисс л гэхэд шөнийн цагаар бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах, үүссэн асуудлыг хянах, шийдвэрлэх зорилгоор 2000 онд байгуулагджээ. Тус комисс Берлиний клубын соёлыг хадгалах, хөгжүүлэхэд анхаардаг. Берлиний клубууд баяр наадмын үдэшлэг, соёлын арга хэмжээг уран бүтээлчид, продюсеруудтай хамтран зохион байгуулдаг юм байна. Аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, гарааны бизнес гэх мэт олон салбарынхан Берлиний идэвхтэй, эрчимтэй шөнийн амьдралаас үр шимийг нь хүртдэг ажээ.

Швейцарийн Цюрих, АНУ-ын Сан Франциско хотууд ч дээрхтэй ижил төстэй санаачилга гаргаж, Баар&клубын комисс, Энтертайнмент комиссыг байгуулжээ. АНУ-ын Детройт нь 24 цагийн эдийн засгийг хариуцсан сайд ажиллуулдаг.

Нидерландын хотууд 20 гаруй жилийн өмнөөс шөнийн хотын дарга буюу Nach-burtgemeester томилж ажиллуулжээ. Тухайлбал, Амстердам хот 2003 онд шөнийн хотын захирагчтай болсон байна.

Шөнийн хотын захирагч нь хотын мээрээсээ ч илүү ачаалалтай ажилладаг.

Шөнийн бизнес, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын зуучлагчийн хэмжээнд үүрэг шөнийн гүйцэтгэх, цагаар хооронд хотын зохион байгуулагддаг арга хэмжээг сурталчлахын зэрэгцээ шөнийн амьдралыг олон талт, хүртээмжтэй болгох, шөнийн эдийн засгийн асуудлаар хотын зөвлөлд танилцуулж, зөвлөгөө өгөх гэх мэт олон үүрэг түүний нуруун дээр бууна.

Харанхуйгаас олсон мөнгө

Их Британийн шөнийн эдийн засаг нь хөдөлмөрийн зах зээлийн найман хувийг бүрдүүлдэг бөгөөд жилийн орлого нь 66 тэрбум фунт стерлинг хүрснээр үндэсний эдийн засгийн тав дахь том салбар болжээ. Тус улсын эдийн засаг өдрийн цагаар хоёр хувь, харин шөнийн эдийн засаг нь 2.2 хувиар өсч байгаа гэдэг судалгаа гарсан аж. Их Британийн шөнийн эдийн засаг 2019 онд ДНБ-ий 5.1 хувьд хүрч байжээ. Тус улсад есөн ажилчин тутмын нэг нь шөнийн цагаар ажилладаг. Лондонд шөнийн цагаар ажилладаг 723 мянган ажлын байр бий.

Нью-Йорк хотын шөнийн эдийн засаг жил бүр 35.1 тэрбум ам.долларын орлого олдог бөгөөд 300 мянган ажлын байр бий болгожээ. Сиднейн нийт ажлын байрны 10-16 хувийг шөнийн хотынхон эзэлдэг. Парис хотод 15 мянга гаруй баар, ресторан, 170 шөнийн цэнгээний газар, 600 гаруй зугаа цэнгэлийн газар шөнийн 02.00 цагаас хойш нээгддэг. Эдгээр салбарт 83 мянган хүн ажилладаг байна.

Нойрсож буй Азийн цагаан дагина

Засгийн газраас 2028 он хүртэл “Монголд зочлох жил” хэмээн зарласан. Жуулчдыг татах, эх орондоо ирүүлэх ажлуудыг хийж байгаа. АНУ, Япон, Солонгосын кино, урлаг, загварын ертөнцийн одод, олон нийтийн сүлжээнд хэдэн зуун сая дагагчтай нөлөөлөгчид Монголд ирж аялж, манай улсын талаар олон улсад сурталчилгаа хийж буй. Эртний түүх, өв, соёл, нүүдэлчдийн өвөрмөц ахуй, онгон дагшин байгаль маань жуулчдыг татах соронз мөн. Гэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлбэл хамгийн түрүүнд онцлох ёстой №1 асуудал бол жуулчдад үзүүлэх тав тухтай үйлчилгээ. Даяаршсан эрин үед Монголын гэх ондоошлоос гадна адилсал бас хэрэгтэй. Дэлхийн аль ч хотод байдаг шөнийн үзвэр, үйлчилгээ, худалдаа, зугаа цэнгэлийн газрууд Улаанбаатарт байх учиртай. Манай нийслэлд 22.00 цагаас хойш хөл тавьсан гаднын хүн хөл дүүжлэх унаанаас эхлээд хэлэн дээр тавих аятайхан юм олохын тулд том сорилттой тулгарна. Нүд хужирлах зүйл үзэж харах бараг боломжгүй. Ая тухтай дэлгүүрийн сүлжээ бий ч тэдгээр нь шөнийн тарифаар бараа, үйлчилгээндээ тодорхой хувийн нэмэгдэл авах жишээтэй. Өөрөөр хэлбэл, шөнийн эдийн засгийг дэмждэггүй бодлоготой гэсэн үг. 24 цагийн хүнсний дэлгүүр, баараар Улаанбаатарын шөнийн эдийн засаг хязгаарлагдана.

Улаанбаатар бол дэлхийн хамгийн унтаа, нойрмог хот байж мэднэ. Орой 20.00, 21.00 цагаас хойш ажилладаг худалдаа, үйлчилгээний төв, урлаг, соёлын газар байхгүй. Нийтийн тээвэр нь шөнийн цагийн хуваарьгүй. Архи уухаас бусдаар бол харанхуйд гадагш гараад нэмэргүй. Тэгсэн атлаа өглөө эрт ажилладаг үйлчилгээний газар нүдний гэм. Бага үдийн 10.00, 11.00 цагаас өмнө үүдээ нээдэг дэлгүүр, ресторан байхгүй. Өдөр нь түгжирнэ, шөнө нь дугжирна. Ийм хотод ирсэн жуулчин бараг уйдаж үхэх байх. Үүнийг өөрчилье гэвэл хотын захиргаа болон ЭЗХЯ, ССАЖЗЯ нийлээд шөнийн эдийн засгийн бодлого, хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. “Алсын хараа-2050”-даа нэмэлт оруулж, Амстердамын жишгээр “Шөнийн алсын хараа” баталсан ч болно. Гол нь түүнийгээ хэрэгжүүлэх шөнийн хотын захирагч, шөнийн менежертэй болоод авбал сайн. Тэдэнд хийх ажил маш олон байна.

Шөнийн эдийн засаг, шөнийн соёлын үнэ цэнийг сурталчлан таниулахаас эхлээд төрийн бодлогод шөнийн бизнес эрхлэгчдийг дэмжих, шөнийн цагаар урлаг, соёлын үйл ажиллагааг идэвхжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, дэлгүүр, музей, номын сан зэрэг бүхий л салбарын аж ахуйн нэгжийн цагийн хуваарийг уртасгах, шөнийн хотын аюулгүй байдал, нийтийн тээврийн асуудлыг сайжруулах гээд тоочвол урт жагсаалт гарах нь. Шөнийн эдийн засаг эрчимжихийн хэрээр дуу чимээний бохирдол, нийтийн хэв журам сахиулах, оршин суугчдын амьдралын тав тух, чанарт сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх асуудал ч тулгарна. Дижитал болон ногоон шийдлүүдийг нэвтрүүлж уламжлалт үйлдвэрлэлийн салбарыг өндөр технологийн компаниудтай хослуулан шөнийн эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг боловсруулах шаардлага ч урган гарах нь мэдээж.

Жуулчид Улаанбаатарт унтаж амрах гэж ирэхгүй. Юм үзэж, нүд тайлах гэж, амралт, чөлөөт цагаа зугаатай, сонирхолтой, бүр сорилт, бэрхшээл, сонин хачин адал явдалтай өнгөрүүлэх гэж л ирнэ. Тиймээс Азийн цагаан дагина маань нойрмог байж болохгүй.