
Ромын католик шашны тэргүүнийг сонгох чуулган тавдугаар сарын 7-нд эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн Newsweek сонины шинжээчид Ромын папаар сонгогдох боломжтой таван кардиналыг нэрлэжээ.
Өнгөрсөн сард 88 насандаа таалал төгссөн Францис нэр хүндтэй санваартны хувьд шашны шинэчлэлийг идэвхтэй хийж, үл итгэгчдэд хүлээцтэй хандан, сүм хийдийг олон нийтэд илүү нээлттэй болгохыг хичээж ирсэн. Шинэ пап лам түүний бодлогыг үргэлжлүүлэх үү эсвэл Ватиканыг уламжлалт хэв маяг руу нь буцаах уу гэдэг олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
Шашин судлаачдын дүгнэлтээр санал хураалтыг тэргүүлэх хамгийн өндөр магадлалтай хүн бол Филиппиний кардинал 67 настай Луис Антонио Тагле аж. Ватиканы уламжлалаар харьцангуй нас залууд тооцогдох Таглег дэвшилтэт үзэлтэйн хувьд Пап лам Францисын бодлогыг үргэлжлүүлэх хүн гэж харж буй.
Дараа нь Ватиканы хамгийн туршлагатай албан тушаалтнуудын нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан 70 настай Итали Пьетро Паролин нэрлэгдлээ. "Төвийг сахигч” гэсэн тодорхойлттой Паролин талийгаач пап ламын эхлүүлсэн шинэчлэлийг тасалдуулахгүй ч уламжлалаа хадгалахыг зорино.
Гана улсын 76 настай кардинал Питер Турксон эхний гуравт бичигдсэн нь тун санамсаргүй тохиолдол. Нийгмийн шударга ёс, ядуурлын эсрэг тэмцэгч, экологийн идэвхтэн Турксон католик сүмийн анхны африк гаралтай тэргүүн болж магадгүй юм.
Өөр хоёр боломжит нэр дэвшигч бол Унгарын 72 настай кардинал Питер Эрдо болон 82 настай итали кардинал Анжело Скола нар. Гэхдээ тэдний боломжийг тийм ч өндөр гэж үзэхгүй байна.