

-Ажлынхаа онцлог, давуу талыг танилцуулахгүй юу?
-Би “Самушил Эйч Ар” компанид ажиллаад гурван жил болж байна. Хархорин салбарыг хариуцан ажилладаг. Манайх хүмүүсийг өдөр, өдөрт нь ажилд зуучилдаг өдрийн ажлын бирж. Манай дээр ирсэн хүмүүс өглөө ажилдаа гараад, орой цалингаа гар дээрээ авдаг. “Самушил Эйч Ар” компани найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлд 12 салбартай. Орон нутагт нэг салбартай. Мөн оюутны самушилтай. Оюутнууд хичээлийнхээ цаг заваар өөрт тохирох, уян хатан цагийн хуваарьтай, өдөр, өдрийн ажил эрхлэх боломжтой гэсэн үг.
-Самушил буюу өдрийн ажлын биржийн талаарх ойлголт манай улсад хэр байна вэ?
-Өдрийн ажлын биржийн талаарх мэдээлэл монголчуудын дунд түгээмэл байгаагүй. Эхэндээ Солонгост ажиллаж байсан хүмүүс л мэддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ салбар олон нийтэд их танигдаж байгаа. Ажил хайж ирэх хүний тоо эрс нэмэгдсэн.
-Танайхаар дамжуулан өдөрт хэчнээн хүн ажилд гардаг вэ. Ямар төрлийн ажилд зуучилдаг талаар ярилцъя?
-Ихэвчлэн барилгын ажилд зуучилдаг. Тиймээс өвлийн улиралд ажил багатай байдаг. Дөрөвдүгээр сараас 12 дугаар сар хүртэл ачаалал нэмэгддэг. Нэг салбар өдөрт 60-120 хүн ажилд гаргадаг. Ийнхүү өдөр бүхэн 600-800 хүн ажилд зуучлуулж байна. Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг ажилд зуучилдаг. Хүйсийн хувьд, 70 хувь нь эрэгтэйчүүд, 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүдийн тухайд барилгын дараах цэвэрлэгээ, зөөгч, бэлтгэгч, тогооч гэхчлэн төрөл бүрийн ажилд эрхэлдэг.
-Зуучлалын хөлсийг хэрхэн тооцдог вэ?
-Ажил захиалагч, зуучлагч, ажилтан гээд гурвалсан гэрээ байгуулаад, ажлаа хийдэг. Компаниуд манайд захиалгаа өгнө. Тэр барилга дээр тэдэн хүн ажиллуулъя гэх байдлаар бидэнтэй холбогдоно. Бид захиалгын дагуу хүмүүсээ ажилд зуучилна. Зуучлалын хөлс цалингийн 10 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгийн цалинтай ажилд зуучлаад манайд 10 мянган төгрөгийн зуучлалын хөлс авдаг. Гэхдээ хувь хүний гар дээр авч байгаа цалингаас бус компаниас зуучлалын хөлсөө авдаг. Тухайн 10 хувиараа компани татвар, шимтгэлээ төлөөд, үйл ажиллагаагаа явуулдаг.
-Өдрийн ажилд зуучлуулсан ажилчид цалингаасаа НДШ төлдөг үү?
-Одоогоор ажилчид ямар нэг татвар, шимтгэл төлөхгүй байгаа. Ажилчдыг НДШ төлдөг байлгахаар зорьж ажиллаж байгаа. Гэхдээ уг асуудлыг ажил хийж байгаа иргэдтэйгээ ярьж, тохиролцох хэрэгтэй.
-Хүмүүс өдрийн ажлын биржээр дамжуулан ажиллах сонирхолтой байгаа шалтгааныг хэрхэн харж байгаа вэ?
-Гадуур иргэдийн цалин хангамж бага байна. Манайд ажиллаж байгаа хүмүүс гар дээрээ өдөр, өдөрт нь 100 мянган төгрөг авдаг. Авсан цалингаасаа татвар, шимтгэл төлдөггүй, өдөр, өдөртөө цалингаа авдаг нь хүмүүст давуу талтай санагддаг байх. Мөн өдөр, өдөртөө ажлаа гүйцэтгэдэг учир цагт уягддаггүй. Харьцангүй эрх чөлөөтэй байдаг зэрэг нь нөлөөлдөг байх. Өглөө гарсан ажилчид 17.00 цагт ажлаа дуусгаад, цалингаа авдаг. Цалинг нь дансаар шилжүүлж, тараадаг. Заавал самушил дээрээ ирэх шаардлагагүй гэсэн үг.
-Байгууллагаас ажилд зуучлуулж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?
-Бид хүмүүсийн ажилд гаргахдаа чиглэл, даалгавар өгөөд гаргадаг. Хэрэв ажилтан ажлын байран дээр ямар нэг асуудал гаргавал байгууллага руу буцаалтын төлбөрийг нь өгдөг. Шаардлагатай бол өөр ажилтан зуучилна. Мөн ажиллуулж байгаа байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөгөө, мэдээллээ заавал өгөх үүрэгтэй. Чиглэл, зааварчилга өгөлгүйгээр ажилтанг ажилд гаргасан тохиолдолд компани хариуцлага хүлээдэг.
-Ирсэн хүн бүрийг ажилд зуучлах уу, ажилгүй буцах тохиолдол бий юу?
-Манай дээр ажилчид 7-8 цагийн хооронд ирсэн байх шаардлагатай. Улмаар 09.00 цагт ажлын байран дээрээ бэлэн байх ёстой. Өвлийн улиралд хүмүүс ажилгүй буцах магадлалтай. Харин барилгын ажил эхэлчихсэн, дулааны улиралд ажилтан дутна уу гэхээс ажилгүй буцах магадлал тун бага.
-Ихэвчлэн хэдээс хэдэн насныхан ажил хайж ирдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Одоогоос хэдэн жилийн өмнө 45-аас дээш насныхан ихэвчлэн ирдэг байсан. Харин одоо 18-25 насны залуучууд их ирж байна. Залууст өндөр цалинтай ажил хэрэгтэй байна. Тус цалинг нь манайх олгож байгаа болохоор хүмүүс их ирдэг болсон.