Шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексикийн Мехико хотод 10 өдрийн турш болж, өчигдөр өндөрлөлөө. Филиппин, Сингапур, Хонконг, Мексик, Монгол болон Хойд Солонгос гэсэн зургаан орон өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
Өнгөрсөн шөнө Мексик, Хойд Солонгосын багууд аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн. Энэ тоглолтод талбайн эзэн мексикчууд 9-2 онооны давуу байдлаар илүүрхэж, аваргын алтан медаль хүртлээ. Хойд Солонгосын баг тэмцээний мөнгөн медалийн эзэд болсон байна.
Гавьяат дасгалжуулагч А.Мэргэнээр удирдуулсан Монголын баг хоёр хожилтойгоор дөрөвдүгээр байр эзлэв. Манай хоккейчид Филиппин, Сингапурын багийг хожсон ч Хойд Солонгос, Мексик, Хонконгийн багт дараалан хожигдон дөрөвдүгээр байрт орлоо. Монгол-Мексикийн тоглолт 7-6 онооны харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтод манай залуус хожсон бол цаашлаад мөнгөн медалийн төлөө тоглох боломж гарах байв.
Гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Мексикийн баг дараалсан таван хожилтойгоор итгэл төгс тэргүүллээ. Хойд Солонгос удаалж, Хонконг хүрэл медаль дээр буув. Монголын баг дөрөвдүгээр байранд орсон амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.
ДҮН:
Алтан медаль: Мексик – 15 оноо
Мөнгөн медаль: Хойд Солонгос – 11 оноо
Хүрэл медаль: Хонконг – 9 оноо
Дөрөвдүгээр байр: Монгол – 6 оноо
Тавдугаар байр: Филиппин – 4 оноо
Зургадугаар байр: Сингапур – 0 оноо
Монголын багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар ажиллалаа.
Шигшээ багт Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн нар багтсан юм.
Ташрамд дуулгахад, Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв.
