Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдөр 11 цагийн үед ЭМЯ-наас ажлын хэсэг ирлээ. Улмаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлөх тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалыг танилцуулсан. Үүний дагуу би ажлаа хүлээлгэж өглөө. Бидний хувьд ажлын алдаа гаргасан зүйл байхгүй. Ажлаас чөлөөлж байгаа нь ямар нэг үндэслэлгүй. Ерөнхийдөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа юм байна. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар ямар нэг зөрчил гаргаагүй хүнийг ажлаас халах бол нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэвч шууд чөлөөлөх сайдын тушаал гарч, хууль зөрчиж байна. Бидний хувьд хуулийн дагуу шүүхэд хандах нь ойлгомжтой.

Сайдын хүссэн хууль бус шийдвэрийг хүлээн аваагүйн төлөө чөлөөллөө гэж ойлголоо. Үүнийг бид эсэргүүцээгүй. Нэгэнт сайдын тушаал учир хүлээн авч байгаа. Гэхдээ үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн зүйлийг хэлэх учиртай. Сахилгын зөрчил гаргаагүй хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсүгэй гэдэг тушаалыг сайд гардаг болсон юм байна.

Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа авснаас хойш хавдар судлалын чиглэлээр анхаарч ажиллана гэж манай байгууллага дээр ажиллаж эхэлсэн. Орон нутагт тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн. Энэ хугацаанд буюу жил гаруйн хугацаанд маш их дарамж ирж байсан. Ажлаа өг, хална гэдэг асуудал байнга гарч байсан. Бид ажлаа сайн хийж байсан учир асуудал намждаг байсан. Сүүлдээ ямар нэг  үндэслэлгүйгээр ажлаа өг гэдэг асуудал ирж байна. Бид шүүхдэнэ. Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр шинэ эм оруулах асуудал яригдсан юм байна лээ. Уг асуудал ХСҮТ оролцоогүй, мэдээгүй байсан. Тус эмийн хандиваар оруулж ирж байгаатай холбоотойгоор ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Намхайноров, Санхүү эдийн засгийн газрын дарга н.Мөнхсүх над дээр ирж уулзсан. Улмаар 500 сая төгрөгийг энэ эмийн татварт төл гэж хэлсэн. Миний зүгээс төсөвт мөнгө нь тусгагдаагүй, хоёрдугаарт тус гэрээнд гарын үсэг зураагүй учир өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Сайд дараа нь өрөөндөө дуудаад, яагаад 500 сая төгрөгийг шилжүүлэхгүй байна, миний эрхэнд халдаад байна уу гэхчлэн асуудал ярьсан. Тухайн үед нь хууль ярьсан. Сайд ойлголоо гэсэн ч өөрийнх нь хүссэн зүйлийг биелүүлээгүйн улмаас сольж байна гэж ойлгож байгаа. Бид Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн хүрээнд л ажилласан. Өөрийнх нь хүссэн зүйлийг хуультай, хуульгүй хийдэг хүмүүстэй болох сонирхолтой тул ажлаас чөлөөлж байна гэж харж байна. Хамтран ажилласан хүмүүстээ маш их баярлалаа гэдгээ илэрхийлж байна. Төр хуультай. Тэр хуулийг сайд нь ч бай, хэн ч бай биелүүлэх үүрэгтэй.

Миний хувьд улс төрийн асуудалд оролцох хүсэлгүй. Урдах ажлаа сайн хийгээд явахыг л хичээдэг. Үүнийхээ хүрээнд Эрүүл мэндийн сайдтай сайндаж, муудсан асуудал байхгүй. Т.Мөнхсайхан сайдын хувьд Ж.Чинбүрэн гишүүний нөлөө бүхий хүний ХСҮТ-өөс холдуулъя. Өөрийнхөө нөлөөллийг бий болгоё гэсэн сонирхол байж болзошгүй" гэв.