Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асууд”-лыг тусгажээ. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-д “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр насанд хүрээгүй хүнийг, тэр дундаа бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг тогтмол өссөөр байна. Улмаар хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх ноцтойгоор зөрчигдөж буйг ХЭҮК-ын илтгэлд онцолжээ.

Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4,161 хүүхэд үзлэгт хамрагдсан байна. Үүнээс 263 нь эрэгтэй, 3,898 нь эмэгтэй хүүхэд байжээ.

Насны хувьд авч үзвэл,

  • 0-6 насны – 350 хүүхэд
  • 7-13 насны – 1,395 хүүхэд
  • 14-15 насны – 1,558 хүүхэд
  • 16-17 насны – 858 хүүхэд байгаа юм.

Эдгээр тоо баримт нь хүүхдийн эрх зөрчигдөж буй байдалд нийгэм бүхэлдээ анхаарал хандуулах шаардлагатайг харуулж буй.

Тэгвэл уг асуудлаар өчигдөр буюу тавдугаар сарын 1-нд УИХ-ын хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцлээ. Энэ хүрээнд хүүхдийн эрхийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Энэхүү илтгэлд үнэхээр сэтгэл эмзэглүүлэм тоо баримт байна. Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдлын тухай хэсэгт анхаарах ёстой олон асуудал байна. Энд 2020-2024 оны статистикийг танилцуулжээ. 14-17 настай хохирогч болсон хүүхдийн тоо 66-119 болж өссөн байна. Бага насны хүүхдийн тоо 138-247 болж өсжээ. Энэхүү тоо жил ирэх тусам өсөж байгааг ХЭҮК-оос анхааруулжээ. Сүүлийн жилүүдэд уг асуудалд хуулийн заалтыг чангаруулж, ял шийтгэлийг нэмсэн. Үүний эсрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Гэсэн хэдий ч энэ тоо буурахгүй байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байна. Энэхүү гэмт хэрэг гол төлөв тухайн хүүхдийн гэр оронд нь юм уу хамаатан садны гэр оронд үйлдэгдэж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийг гэр бүл хамаатан садны хүн үйлдэж байна гэх мэдээлэл байна. Энэ талаар олон нийтэд мэдээлэх нь нийгмийн цочроох эрсдэлтэй гэдэг үүднээс тэр болгон мэдээлэхгүй, ойр дотны хүмүүс үйлдэж байгаа учраас хэрэг үүсгэдэггүй байдал ажиглагдаж байна. Тиймээс хохирч байгаа, шинжилгээ хийлгэсэн хүүхдүүдийн тоо нэлээд зөрүүтэй байгаа нь харагдаж байгаа юм. Тухайлбал, энэ хэргийн тоо бидэнд мэдэгдэж байгаагаас илүү байж болзошгүй байна. Үүнд эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагын асуудал мөн хөндөгдөж байна.

Статистик тоо баримтаас харвал гэмт хэрэг буурах бус өссөн нь харагдаж байгаа. Энэ нь Монгол Улс өнөөдөр хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэж дүгнэхэд хүргэсэн. Аливаа бодлого шийдвэр үр дүнд хүрэхгүй байна. Энийг бид бүх түвшиндээ анхаарах ёстой. Энэ дээр мөн нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн, дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Хэрэг шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг хамгаалах журам Хүүхдийн эрхийн тухай хуулиар гарах ёстой байтал одоог хүртэл гараагүй байна. Хүүхдийн асуудлыг томчуудаас  шалтгаалдаг гэж харсан нь энэ нөхцөлд хүргэж байна.

Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой орхигдсон хэд хэдэн асуудал байгаа. Үүнд, статистик өсөж байгаагийн нэг шалтгаан нь 14 наснаас доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол гэмт хэрэгт тооцдог болсон асуудал. Бэлгийн бойжилт өнөөдөр эрт явагддаг болсон. 14 наснаас доош настай хүүхдүүд үерхэж хоорондоо бэлгийн харьцаанд орох тохиолдлууд гарч байна. Энэ тохиолдол хуулийн зүйл заалтаар шууд гэмт хэрэгтэн болгох асуудал түгээмэл гарч байна. Иймд энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрч бэлгийн боловсролыг багаас нь олгох хэрэгцээ шаардлага байна. Мөн дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалт мэдлэгийг олгох шаардлагатай. Бага насны хүүхдүүдтэй холбоотойгоор бэлгийн гаж зан үйлтэй  хүмүүсийг Монголд оношилж тогтоодог зохицуулалт байхгүй байна. Тэгэхээр бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж таашаал авдаг хүмүүсийг шинжилж, оношилдог баймаар байна.

Хүний эрх, хүүхдийн асуудал сонгууль дөхөхөөр улс төрийн намуудын шоу болдог. Тэр дундаа АН "Бид хамгаална, шийднэ" гэж иргэд олон нийтийн саналыг авч гарч ирчхээд өнөөдөр намын гишүүнийхээ нэр хүндийг яриад хуралд суусангүй. Сүүлийн таван жилийн хугацаанд 0-7 насны 110 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. 110 хүүхдийг оруулж ирээд суулгахад энэ танхим дүүрнэ. Хүүхэд хүчирхийлээд байгаа хүмүүс ямар төрлийн хүмүүс байна вэ. Мөн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл хаана хамгийн их гарч байна гэдэгт тодорхой байдал хэрэгтэй байна. Үүнийг нарийвчлан судлах хэрэгтэй. Энэ талаар ярихаар төсөв мөнгөтэй холбож тайлбарладаг. Гэтэл жилээс жилд энэ ажилд төсөв мөнгийг нь нэмэгдүүлж байгаа. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь асуудал мөнгөнд биш байна гэдгийг харж болохоор байна. Үүнийг бууруулахын тулд бид хаана, ямар хүмүүс үйлдэж байгааг тодорхой мэдэж байж асуудлыг шийднэ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ асуудал дээр төдийлөн үр дүнтэй, байгаа олж харж, ажиллаж чадахгүй байна гэж дүгнэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллээр сүүлийн 5 жилийн хугацаанд дээрх гэмт хэрэгт холбогдон 902 хүн ял шийтгүүлснээс 152 хоригдол хугацаанаас өмнө суллагдаж, долоон хоригдол өвчний улмаас ялаас чөлөөлөгдөж, дөрвөн хоригдлыг УДШ-ээс цагаатгажээ. Энэ бол манай хуулийн тогтолцоо хүний эрхийн мэдрэмжгүй байгааг харуулж байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийг хүнд гэмт хэрэгт тооцдог. Түүнчлэн хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн гэмт хэрэгтэй уялдуулан энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг бүртгэлжүүлэх асуудлыг олон улсад шийдсэн байдаг. АНУ-д ял эдлээд суллагдсаны дараа ч гэсэн тухайн хүнийг хаана оршин сууж байгааг нь бүртгэдэг ийм жишиг бий.

Энэ асуудлыг олон нийтэд мэдээллэхгүй юм гэхэд хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд нь мэддэг байх асуудлыг ярисан. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилт юу болсон эсэх дээр тайлбар авмаар байна. Гэтэл өнөөдөр хүүхдийн асуудлыг хариуцсан сайд нь хүртэл алга байна.

Ийнхүү цөөн хэдэн гишүүн хүүхдийн эрхийн талаар байр сууриа илэрхийлсэн ч чуулганы танхим үндсэндээ хоосон байв. Хамгийн эмзэг бүлгийн эрхийн асуудлыг хэлэлцэж байхад олонхын төлөөлөл оролцоогүй нь УИХ-ын хариуцлагагүй, үл тоомсорлолын ил тод илрэл боллоо. ХЭҮК-ын бүтэн жилийн хөдөлмөр, хүний эрхийн зөрчлийг баримтаар нотолсон чухал илтгэлийг парламент үл ойшоосон нь үнэхээр эмгэнэлтэй. Ялангуяа хүүхдийн асуудлыг хариуцсан сайд нь өөрөө хуралд оролцоогүй нь энэ үл хайхралын дээд цэг байв.