Мэдээний араас гүйсээр салбарынхаа шинэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед л барьж уншив бололтой, сэтгүүлчид. 1998 онд баталсан таван өгүүлбэртэй хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хууль зүй, дотоод хэргийн яам 27 жилийн дараа нэлээд өргөжүүлэн төсөл боловсруулжээ.

Энэ хуулийг дагалдуулж зургаан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Гэрийн түлээ нь дуусчихсан байхад цөмийн станцын тухай, өрхийн санхүү нь хүрэлцэхгүй мөртлөө улсын төсөвт санаа тавьж явдаг сэтгүүлчид бусдын хуулийг сурвалжилж, хэлэлцүүлж явсаар өөрсдийн хуулиа УИХ-д орж ирснийг сөхөөрөхгүй явсаар гэнэт сандрав. Уншаагүй, хальт уншаад бүрэн ойлгоогүй, хүнээс хальт сонссоноороо дүгнэсэн гээд янз бүрийн сэтгүүлч байна.

Нэг л юм байна. Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн яам Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулсан төслөө эхлээд 2024 оны аравдугаар сард сэтгүүлч нарт танилцуулж, санал авсан. Арваннэг, арванхоёрдугаар сард мөн танилцуулж, хэлэлцүүлсэн. Эхлээд сэтгүүлчид, дараа нь эрхлэгч нар, тэгээд судлаачид гээд тус бүрээр нь хэлэлцүүлэг хийж, саналыг нь авч тусгах бүрт хуулийн төсөл өөрчлөгдөж байгаа. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-д өргөн барьснаас хойш гурван сар өнгөрч байна. Анх танилцуулснаас хойш хэдийнэ 180 гаруй хоночихоод байхад парламент сурвалжилдаг сэтгүүлчид, ялангуяа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийнхөн, эздээс нь бүрддэг сонин, сайт, телевизийн холбоод уншаагүй, үр дагаврыг нь тооцоогүй, хоорондоо уулзаж төслийн заалт бүрээр байр сууриа тодорхой болгоогүй байна гэдэг бол нэлээд тоомжиргүй, хатуухан хэлэхэд хариуцлагагүй явдал.

Дэд ажлын хэсэгт салбараа төлөөлж орох хүмүүс

Энэ сарын 25-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, цаашид парламентаар хэлэлцүүлэхээр боллоо. Хуулийн төсөл хамгийн эхний том даваагаа давсан гэсэн үг. Тэгэхээр УИХ-аас парламентын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаргана гэсэн үг. Бас ажлын дэд хэсэг байгуулна гэсэн үг, төсөл дээр. УИХ үзэл баримтлалыг нь дэмжсэн учраас ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийнхэн үзэл баримтлалаас зөрөхгүй хэмжээнд буюу энэ хүрээнд нь төслийн зүйл, заалтыг хөндөх боломжтой. Дэг ном нь ийм. Яам үзэл баримтлалаа боловсруулж, хуулиа дэглэхдээ шинэ хуулийг сэтгүүл зүйн салбарын хууль байхаар бичсэн. Цагдаагийн албаны хууль, Онцгой байдлын тухай хууль гэдэг шиг салбарын л хууль гэж ойлгоно. Тэгэхээр иргэн бүрт байх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийг цогцоор нь шийдэх өргөн агуулгатай хууль болж гарахгүй гэсэн үг. Эдгээр эрхийг бүрэн дүүрэн хангах хуулийг тусад нь бичиж болно. Харин сэтгүүл зүйн мэргэжлийн салбарын хууль тусдаа гэсэн санаа.

Асуудал нэгэнт тулсан, галт тэрэг хөдөлчихсөн учраас УИХ, Засгийн газрын хурдыг гүйцэхийн тулд сэтгүүл зүйн салбарынхан дэд ажлын хэсэгт төлөөллөө хэрхэн хэрүүл маргаангүй хуваарилж оруулах, ажлын хэсэгтээ хэрхэн хамтарч ажиллах тухай бодсон нь дээр. Төлөөллийг хангахын тулд дэд ажлын хэсгийн гишүүний орон тоог хувь сэтгүүлчээр дүүргэх нь хэтэрхий хайран байдаг. Бусад тохиолдлыг харж байхад мэргэжлийн холбоод, ТББ-ууд, эрдэмтэд нь, судлаачид нь, салбараар нь мэргэшсэн хуульчдыг нь оруулдаг. Фронтод нь ажилладаг учраас гээд эргүүлийн цагдааг хуулийн ажлын хэсэгт оруулаад байдаггүйтэй яг адилхан. Гэтэл хараад байхад өөрийгөө л төлөөлөх сэтгүүлчид, редакцаа л төлөөлөх эрхлэгч, захирлууд ажлын хэсэгт орно гэж зүтгээд байгаа харагдана. Салбарын хуулийг хийхийн тулд хувийн амбицаа хойш нь тавьж, салбарын нийтлэг эрх ашиг, хамгийн гол нь сэтгүүл зүйн салбараас мэдээлэл хүртэж байгаа үзэгч, уншигч, сонсогч, иргэдийн эрх ашгийг түрүүнд тавих учиртай.

Тэгэхээр, Монголын нийт сэтгүүлчдийг төлөөлдөг төв байгууллага болох МСНЭ, хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөл, хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажиллаж ирсэн Глоб интернэшнл, сэтгүүлч, ажилтныг бэлтгэдэг МУБИС, МУИС, Хэвлэлийн хүрээлэн, Хүмүүнлэгийн их сургууль, эздийн төлөөлөл болох Сонин, сайт, телевизийн холбоод тус тусын төлөөллөө сонгоод сэтгүүлчиддээ танилцуулсан нь зөв болов уу. Шинэ тутам байгуулагдсан Сэтгүүл зүйн үүр төв, Нээлттэй нийгэм форум судалгаа сайтай байсан. Ажлын хэсэгт багтаж ажиллах хүн салбартаа хүлээн зевшөөрөгдсөн, сонирхлын зөрчилгүй, элдэв “давхар дээл” нөмрөөгүй нэгэн байж л итгэл олж чадна. Ажлын хэсгийг хэл амтай хүмүүсээр биш ажил хийдэг хүмүүсээр бүрдүүлдэг.

Хэл амтай хүмүүсийг нөлөөлөл, лоббид ашигладаг. Тэглээ гээд хэвлэлийнхнээр дэд ажлын хэсэг дүүрч болохгүй. Санаагаа хэлж саналын томъёолол бичүүлэх хуульчдыг хөлсөлж дэд ажлын хэсэг рүү оруулах хэрэгтэй. Тэгж байж хууль тогтоогчидтой, Хуулийн яамныхантай хуулийн хэлээр нь ярилцах, бас хэвлэлийн салбараа ойлгуулах чадамжтай ажлын хэсэг бүрдэнэ. Төлөөлөл болж орсон хэсэг “Эрх нь надад байна” гээд дураараа тонгочоод байж болохгүй. Тэд редакциудаас, сэтгүүлчдээс саналыг нь цуглуулах, нэгтгэх чухал хариуцлагатай ажил хийх ёстой. Мэдээж өнөөх үзэл баримтлал гэдэг хүрээндээ яажигнах шаардлага гарна. Гол нь хурд бөгөөд идэвх. Салбарын хууль хэлэлцэгдэж байхад “Намайг уриагүй, дуудаагүй, надад дуулгаагүй учраас би оролцохгүй, очихгүй” гэж зурагтаар ярьдаг МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч байгааг хараад ихэд гайхлаа. Тэр хүн энэ ажилд оролцохын тулд өөрөө хөөцөлдөж, чаргууцалдаж гүйх хичээх ёстой албан тушаал дээр байгаа гэдгээ мартсан байна.

Яам зориглохгүй бол өөрсдөө зориглох хэрэгтэй

Төрийн байгууллага, нутгийн захиргаа, ТӨХК, ОНӨААТҮГ-ууд дэргэдээ МОНЦАМЭ-с өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэдэг заалт төсөлд байна. Энэ хангалтгүй. Ханаж болохгүй. Татвар төлөгчдөөс цалинжаад, татвар төлөгчдийн мөнгөөр төрийн шийдвэрийг иргэнд тулгахад чиглэсэн асар зардалтай нийтлэл, нэвтрүүлэг хийж цацаад байгаа хэвлэлийн албадыг татан буулгах хэрэгтэй. Төрийн хийж байгаа бүгд зөв, иргэний, аж ахуйн нэгжийн, эсвэл сөрөг хүчний, цөөнхийн буруу гэдэг тархи угаалтыг татвар төлөгчдийн мөнгөөр үйлдвэрлэдэг төрийн бүтцүүд татан буугдах ёстой. Өөр өөрийн өнгөөр эгшиглэж, өөр өөр чиглэлээр төрийн байгууллагаас мэдээлэл авдаг байхын тулд сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулаад байгаа алба, газар, хэлтэс зэрэг бүтцүүдийг татан буулгах шаардлагатай. Өөрийнхөө халаасны сайтыг, эсвэл даргыг нь магтан долоогчдыг төсвийн мөнгөөр тэжээдэг бүтцүүдийг үгүй болгоё гэж сэтгүүлчид үе үе ярьдаг. Тэгсхийгээд мартдаг. Хууль нэгэнт ороод ирсэн учраас одоо л биежүүлэх боломж гарсан гэсэн үг.

Арваад жилийн өмнө төрийн байгууллага, ТӨХК-уудад хэвлэлийн төлөөлөгч гээд нэг, хоёр хүн л ажилладаг байсан. Сэтгүүлчид байгууллагаас нь мэдээлэл авахаар очиход эх сурвалжтай нь уулзуулах, мэдээлэл гаргаж өгөх, утасны дугаараар хангах, уулзах цаг товлох, төрийн шийдвэрээ товчхон мэдээлэх үүргийг хэвлэлийн төлөөлөгч хүлээдэг байв. Гэтэл өнөөдөр 5-20 хүнтэй хэвлэлийн албадыг төрийн байгууллага, ТӨХК-ууд өөр дээрээ байгуулж, нэг талт мэдээллээр иргэдийг хүчирхийлдэг боллоо. Сайд, дарга, захирлууд хурал, уулзалт хийхдээ өөрийгөө л сурталчлах, эсвэл иргэн, аж ахуйн нэгжийг очиж загнахдаа хэвлэлийн албадаа ашиглаж байна. Зарим төрийн байгууллагад тролл ажиллуулдаг, өөрсдийнх нь үйл ажиллагааг шүүмжилсэн иргэнийг элдвээр мохоодог, нийгмийн сүлжээнд доромжилдог үндсэн үүрэгтэй ажилтан байна. Арваадхан жилийн өмнө дөрвүүлээ байсан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтэс өнөөдөр 20 гаруй хүнтэй Урьдчилан сэргийлэх газар болж өргөжжээ. Дотроо Мэдээллийн нөлөөллийн хэлтэс байгуулаад царайлаг залууст цол өгч ажиллуулж байх жишээтэй.

Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албад өргөжихийн хэрээр олон сая, тэрбум төгрөг өөрсдөдөө төсөвлөдөг болсон. Жиргээчдэд мөнгө тарааж бусдыг гүтгүүлнэ, даргаа магтуулна, эцэс сүүлдээ редакц дотор ажиллаж байгаа сэтгүүлчдийг редактор, эрхлэгч, захирлуудад нь мэдэгдэхгүйгээр юу хийх, яаж мэдээлэхийг нь чиглүүлдэг болсон. Ажилладаг байгууллагаасаа биш захиалга өгдөг цалинжиж байгууллагаасаа амьдардаг боллоо.

Төр өөрөө захиалгат, төлбөрт агуулгын хамгийн том захиалагч болж, үзэл суртлын үеийн сэтгүүл зүй сэргэж байна. Улс төр дагасан мэдээлэл, улстөрчдийн хутгасан хов, эрүүл галзуу нь ялгагдахгүй өөрийнхөө дүрсийг цацагчдын талбар сэтгүүл зүй байж болохгүй. Иргэний аж амьдрал, төрийн шийдвэр нийгэмд яаж нөлөөлж байгаа талаарх мэдээлэл эфирийн цаг, мэдээний сайтын холбоос, сонины талбарт багасах тусам бидний зорьж яваа хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах мөрөөдөл алсарна. Иргэн төвтэй тэнцвэрт мэдээллийг хүргэж, ёстой л иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулахын тулд төр дэх хэвлэл мэдээллийн бүтцүүдийг татан буулгах ёстой.

Хамгаалах ба хасах, сайжруулах заалтууд

Шүүгч, прокурор, нотариатч нар төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, төрөөс эрх авч, үүрэг хүлээдэг. Өндөр хариуцлагатай эдгээр албаныхны ёс зүйг тус тусынх нь хуульд заавал бичдэг, зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэдэг нь ийм учиртай. Гэтэл сэтгүүлчид төрөөс эрх авдаггүй, төрийн өмнө үүрэг хүлээдэггүй хувийн хэвшлийнхэн. Ийм учраас ёс зүйн зарчмыг нь хуульд бичих шаардлагагүй. Энэ нь ёс зүйгүй байхыг өөгшүүлж байгаа асуудал ер биш. Тэртэй тэргүй ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөөс үүдэж бусдын нэр төр, алдар хүндэд халдвал Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар шийтгүүлж, Иргэний шүүхэд дуудагддаг хүмүүс. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Ёс зүйн зарчим нь бичээстэй 10 жил мөрдөгдсөн учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулсан төслийн тавдугаар зүйлийг бүхэлд нь хасах нь өлзийтэй болов уу.

Одоогийн байдлаар МҮОНРТ-ийн ажилчид л өөрийн байгууллагынхаа хуульд заасанчлан эх сурвалжаа нууцлах эрхтэй. Бусад байгууллагын ажилтнуудад энэ эрх алга.

Эх сурвалжаа нууцлах эрх буюу хэвлэл мэдээлэлд ханддаг иргэдийг мэдээлэл өгснийхөө төлөө дарамтад орохоос сэргийлэх эрхийн хамгаалалтыг Монголын сэтгүүлчид олон жил шаардаж байгаа.

Дутагдлыг хажуугаар дуугүй өнгөрдөггүй иргэн буюу шүгэл үлээгчдийг олшруулах, тэднийг хамгаалдаг болохын тулд Шүгэл үлээгчийн тухай хууль боловсруулж байсан төр одоо л сэтгүүлчийн эх сурвалжийг хуулиар хамгаалах талаар дорвитой хөдөллөө. Энэ эрхийг Хэвлэлийн хуульд бичээд хангалтгүй бөгөөд мөрдөх алба ойшоохгүй учраас өөрсдийнх нь хэрэглэж мөрддөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нь бичих нь зүйтэй гээд томъёолсныг уншсан нь хэд бол. Хуулийн яамтай хамтраад ч болов хамгаалж оруулах, гишүүдээр дэмжүүлэх ганц өөрчлөлт бол энэ.

Өмгөөлөгчид өөрсдийгөө өмөөрөх заалтуудаа Өмгөөллийн тухай хуульдаа яасан нарийн, деталь оруулсан байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлд ийм хамгаалалтууд дутуу байна. Хамгаалалт дутуу хуулиар эрх чөлөө хамгаалагдахгүй. Тийм учраас байгаа зүйлийг байгаагаар нь мэдээлдэг байхын төлөө, ажлаа хийж яваад асуудалд орохоос айсандаа өөрөө өөрийгөө цензурддаг сэтгүүлчидтэй байхгүйн төлөө Өмгөөллийн хуулиас “будаа идэх” шаардлага бас ажлын хэсгийнхэнд гарахаар байна. Редакцын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, алдагдуулахад чиглэсэн үйлдлийг Зөрчлийн хуульд оруулж редакц, сэтгүүлч, ажилтныг хамгаалахаар болжээ. Ийм зөрчлийг цагдаа шалгадаг болно. Мөн УИХ-аас элдэв хуулийг батлахдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад ачаа үүрүүлсэн, үнэгүй ашигладаг байх гэсэн заалтууд оруулаад байсныг нь дагалдах хуулиудаар хасахыг хичээсэн гэж уншлаа. Олон хууль бий, бүгдийг нь шүүж хараад ачаагаа илүү хөнгөлөх талаар бодсон дээр биз.

Тодорхойгүй байдал өөрөө төрийн албан хаагч, албан тушаалтнуудын дур зоргыг бий болгодог. Сэтгүүлч гэж хэн юм, сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэж юу юм, юуг редакц, алийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бас байгууллага гэж үзэх вэ гэдгийг яамныхан тодорхойлохыг оролджээ. Нэр томъёоны тодорхойлолт өөрөө чухал үр дагавартай байдаг учраас салбарт нь ажиллаж байгаа сэтгүүлч, редактор, судлаачид санаагаа зөв ойлгуулж, хөлсөлсөн хуульчдаараа томъёоллыг нь засуулах шаардлагатай.

Хариуцлагатай, ёс зүйтэй, шударга өрсөлдөөнтэй, сайн боловсон хүчинтэй, эрүүл санхүүжилттай сэтгүүл зүйн экосистем рүү зорих зам мөрийг тэгшлэх хууль л болж бичигдэх ёстой. Хөдөлмөрлөсөн нь, ёс зүйгээ баримталсан нь, хийж бүтээж, үлгэрлэж чадсан нь энэ зах зээл дээр амьдрах ёстой болохоос шантааж, танил талын гэрээний мөнгөөр амьдрагсдын хорогдох газар нь сэтгүүл зүй байж болохгүй. Ингэж шийдээд хуулийн төсөл дээр томъёолол орохын цагт хэвлэлийн эрх чөлөө ярьж эсэргүүцэх хүмүүс нь хөлсний эзэд байх болов уу.