
Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд гурван өдөр болж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 87 багийн 2025 өсвөрийн тамирчид оролцож, хувийн болон багийн барилдаанаар шилдгүүдээ тодруулжээ.
Энэ удаагийн онцлох тамирчдын дунд Сүхбатын Төрхур, Сүхбатын Цэцээхур нарын тамирчид багтсан байв. Монголын жүдо бөхийн академийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнийн удирдлага дор барилдсан дархан аварга А.Сүхбатын хүүхдүүд өндөр амжилт үзүүлсэн байна.
Дунд насны +73 кг-ын жинд С.Төрхур аваргын алтан медаль хүртэж, улсын аварга болжээ. Тэрээр Хөвсгөлийн Г.Хаш-Эрдэнэ, Говь-Алтайн Э.Лхагвадэмбэрэл нарыг ялж, шөвгийн наймд үлдсэн. С.Төрхур хагас шигшээ болон финалын барилдаанд Г.Энх-Тамир /Качи/, О.Эрхэмбилэг /Женко/ нарыг ялж, улсын аварга болсон байна.
Дунд насны -90 кг-ын жинд С.Цэцээхур хүрэл медаль хүртжээ. С.Төрхур, С.Цэцээхураас гадна охин дүү нь бага насанд барилдсан байна.

