
УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш Үндсэн хуулийн цэцийн дөрвөн ч дүгнэлт парламентаар хэлэлцэгдлээ. Энэ долоо хоногт Цэцийн 2025 оны дөрөв дэх дүгнэлт буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно" гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэц Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн учир УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.
Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан нарын гишүүд дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бол П.Сайнзориг, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нарын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын 13 гишүүний 53.8 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Энэ бол УИХ, Үндсэн хуулийн цэцийн хооронд өрнөж л байдаг процесс. Гэхдээ энэ удаад нэг зүйл анхаарал татав. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн орон гаран, хууль ямар байхаас бус Цэцэд хэн хэн ажиллаж байхаас хамаарч өөр өөр шийдвэр гаргадаг байдал.
Сонгогч тойргийнхоо мандатынхаа тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн тохиолдолд уг саналыг нь хүчингүйд тооцохоор хуульчилсан нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Цэц 1993 болон 2007 онд гаргаж байжээ. Гэвч энэ удаад Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэв. Анх 1992 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хойших сонгуулийн бүх хуульд энэхүү зохицуулалт нэгэн ижил агуулгаар оржээ.
Үнэдсэн хуулийн цэц өмнө нь шийдвэр гаргасан асуудлаар дахин шийдвэр гаргахыг хуулиар хориглодог. Тодруулбал, өмнө нь шийдвэр гаргасан асуудлаар нь иргэдээс дахин мэдээлэл ирүүлбэл маргаан үүсгэхээс татгалздаг. Гэтэл Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх зохицуулалтаар гурван удаа маргаан үүсгэн хэлэлцэж, хоёр өөр дүгнэлт гаргаад байна. Үндсэн хуулийн цэц үүнийгээ тайлбарлахдаа "1992 он болон 2019 онд баталсан хоёр хуулийн дээрх зохицуулалт нь агуулгын хувьд ижил боловч 2019 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхээр Цэц өмнө нь шийдвэр гаргаж байгаагүй" хэмээн тайлбарлажээ. "Хоёр хуулийн заалт, зохицуулалт нь ижил боловч өөр өөр цаг хугацаанд баталсан хоёр өөр хууль учраас Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нь хянан хэлэлцэж болно" гэж үзсэн байна. Үүнээс үзвэл Үндсэн хуулийн цэц хуулийн агуулга бус цаг үеийнхээ үзэмжээр энэхүү шийдвэрийг гаргасан бололтой. Өөрөөр хэлбэл, хууль ямар байхаас бус Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хэн хэн ажиллаж байгаагаас шалтгаалан Цэцийн шийдвэр өөр өөрөөр гарч байна. Дээрх дүгнэлтийг гаргасан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө даргалж, гишүүдээр нь Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Б.Болдбаатар нар оролцжээ.
УИХ хууль зөрчсөн эсэхийг Цэц шүүн хэлэлцдэг. Харин Цэц хууль зөрчвөл, хуулийг өөр өөр хэрэглэж хоёр өөр, шударга бус шийдвэр гаргавал тэдэнд хэн хариуцлага хүлээлгэх вэ. Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг нь тэд ямар ч шийдвэр гаргасан тэнгэрт нь даатгахаас өөр аргагүй гэсэн үг биш байлтай. "Цэц улстөрчдөөс хараат байдлаар ажиллаж, хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг боллоо. Цэцэн мэргэн байх шинж чанар, зарчмаа алдлаа" гэсэн шүүмжлэл Үндсэн хуулийн цэцээс салахаа болилоо. Шударга үнэний туйл байх ёстой, гаргасан шийдвэр бүр нь эцсийнх байдаг энэ байгууллага ийм байхаар одоо яах вэ?