Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталжээ. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдсэн аж. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан юм. Тэрээр "Хүнд ээлтэй, эргэн төлөлтийг сайжруулах өөрчлөлт оруулсан. Шинэчлэгдсэн журам 2025 оны төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүй" гэдгийг тодотгов. Ингээд шинэчилсэн журмаар өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийг танилцуулъя.

НЭГ: 2+2 хөтөлбөр- Одоо хэрэгжиж буй журмар дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн бол зээл олгодог байсан. Тухайн суралцагчид тэнцсэн сургуульдаа дөрвөн жил суралцдаг байв. Харин шинэ зохицуулалтаар 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын их сургуульд хоёр жил суралцаад гадаадын сургуульд хоёр жил суралцах тохиолдолд зээл олгохоор болсон байна. Ингэснээр дотоодын дээд боловсролоо дэмжинэ, орон нутгийн суралцагчдад тэгш боломж олгоно гэж бодлого тодорхойлогч нар харж байгаа аж.

ХОЁР: Эргэн төлөлтийн хугацааг сунгана- Зээлийг эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгах уян хатан нөхцөлийг тусгаж өгсөн байна. Мөн их сургуулиа төгсөөд, гадаадад гурав хүртэл жил ажиллаад ирэх боломжтой.

ГУРАВ: Шалгаруулалтад хүн оролцохгүй- Сонгон шалгаруулалтыг хүнээс үл хамаарах, автоматаар сонгох боломжоор хангахаар ажиллаж байгааг салбарын сайд мэдээллээ.

ДӨРӨВ: Нэг айлын хэдэн ч хүүхэд суралцах боломжтой- Өмнө нь нэг айлын нэг л хүүхэд боловсролын зээлийн сангаар суралцдаг байсан. Харин шинэчилсэн журмаар нэг айлын хэчнээн ч хүүхдийг сургах боломжтой болжээ. Мөн 10-аас дээш жил малчнаар ажилласан өрхийн нэг хүүхдийг энэ есдүгээр сарын сарын 1-нээс эхлэн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана.

Өмнө нь боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан ч зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээллийг нь оруулдаг болохоор болжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "14 мянган хүний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд гурван үе шаттайгаар өгсөн" гэлээ.