Олон монгол хүний мөрөөдөл нь БНСУ-д сурч, ажиллаж, амьдрах. Сурах боломжгүй, гэрээний шаардлага хангахгүй, явах гэж яарсан зарим нь гурван сарын аяллын виз авч солонгосын хилийг нэвтрээд хараар буюу хууль бусаар урт хугацаанд ажилладаг.

Ингэж ажиллаж байгаа хүмүүс “Бурхны виз”-тэй 17 мянган монгол өөрсдийгөө "Бурхны визтэй" хэмээн хошигнодог. Яг одоо Солонгост “бурхны виз”-тэй хүмүүсийг баривчлах үйл ажиллагаа ид өрнөж байна. Тус улсын хууль хяналтын байгууллагаас хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдийг баривчлах аян зарлаж, энэ сарын 15-наас эхлүүлсэн. Баривчилгаа хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Солонгост хоёр сая 650 мянган гадаадын иргэн оршин сууж байгаагийн 397 мянган хууль бус буюу визийн зөрчилтэй иргэд байна. Тиймээс ойрын хугацаанд энэ тоог 200 мянга хүртэл бууруулах зорилтыг тавьж байгаа нь энэ. Энэ хоёр сарын хугацаанд "бурхны виз”-тэй монголчууд бурхандаа залбирах шаардлагатай боллоо. Монгол Улсын 55.8 мянган иргэн Солонгост амьдарч байгаагийн 17000 орчим нь визийн зөрчилтэй буюу “бурхны виз”-тэй. Мөн монгол оюутны тоо 14.2 мянгад хүрч Вьетнам, БНХАУ-ын дараа оржээ. Ийнхүү Солонгос дахь монголчуудын тоо улам нэмэгдсээр л байна. Бүр БНСУ-ын зүгээс анхаарах, судлах судлагдахуун болтлоо нэмэгджээ. БНСУ-ын Цагаачлалын бодлого судалгааны хүрээлэнгээс Солонгос дахь монголчуудын талаар иж бүрэн судалгаа хийсэн байна.

Тус хүрээлэнгийн судлаач, профессор И Чан Воны танилцуулсан судалгаанд Солонгосын Хууль зүйн яаманд бүртгэлтэй тоо баримтуудыг ашигласан байна. Солонгосын талаас тус улсад амьдарч буй монголчуудын талаар явуулсан анхны том судалгаа энэ аж. Цаашид хоёр орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц бодлого боловсруулахад шаардлагатай судалгаануудыг хамтран явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хөгжлийн бодлогод гадаад иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ашиглах нь зайлшгүй

Хөгжиж байгаа орнуудад цагаачлалын бодлого хамгийн чухал. Эрэлттэй ховор мэргэжил, дутагдалтай ажлын байрыг гадаад орнуудын хамтын ажиллагаа, гадаадын оролцоотойгоор нөхөж, иргэдийн үүнийг нийгэмд ойлгуулах, гадаад улсын иргэдийг сурч ажиллаж амьдрах хууль ёсны боломжийг нэмэгдүүлж нийгмийн интеграцийг эрчимжүүлэх бодлогыг БНСУ баримталдаг. Монгол Улсын хувьд ч өөрийн онцлогт тохирсон гадаад иргэдийн бодлого хэрэгжүүлж, газар нутаг бүсчлэл, хүн ам зүйн бодлоготойгоо уялдуулан нарийн судалгаа шинжилгээ явуулсны үндсэн дээр урт хугацааны бодлого боловсруулах нь үр дүнтэй гэж судлаачид хэлж байна. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газрын менежментийг сайжруулах, харилцан туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр судалгааны ажлуудыг өрнүүлэх нь чухал гэж хоёр тал тэмдэглэж байна. Нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр Монгол Улс гадаадын иргэдийн бодлогоо боловсруулж хэрэгжүүлэх нь эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж Солонгосын тал цагаачлалын бодлого, түүнтэй холбоотой судалгааны дүнгүүдээ танилцуулсан юм. Энд нэг судалгааны дүнг сонирхуулахад БНСУ-д 2019 оноос хойш гадаадын иргэдийн ашигласан зээлийн картын хэмжээ нэмэгдсэн. 2023 онд гэхэд БНСУ дахь гадаадын иргэдийн банкны карт ашигласан гүйлгээ 56.3 их наяд воннд хүрсэн гэжээ.

БНСУ-ын цагаачлалын бодлого

БНСУ-ын хувьд гадаад иргэдийг нийгэмд дасан зохицож, нийгмийн идэвхтэй гишүүн болоход нь тусалбал нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн бүтээмж нэгэн зэрэг нэмэгдэнэ гэж үздэг. Төрөлтийн түвшин бага, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаа Солонгос шиг нийгэмд гадаадын иргэд урт хугацаанд эдийн засгийн идэвхтэй хүн амын тодорхой хэсгийг бүрдүүлнэ. Тэднийг “хүний нөөц” гэхээсээ илүү “иргэн”-ий хувьд нэгтгэх нь өнөөгийн Солонгосын нийгэм дэх хүн амын асуудлыг шийдвэрлэх түлхүүр гэсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд Засгийн газартаа бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлдэг хэд хэдэн байгууллага ажилладаг аж. Тухайлбал, БНСУ-ын Цагаачлалын бодлого судалгааны хүрээлэн нь голчлон цагаачлалын бодлогын чиглэлээр судалгаа явуулдаг бол Солонгосын Цагаачлалын сан нь Солонгост байгаа гадаадын иргэдийн нийгмийн интеграцчлал, гадаадын иргэдийн орж ирэх асуудлыг төрөөс зохицуулахад дэмжлэг үзүүлдэг юм байна.

Солонгосын цагаачлалын бодлогын онцлог, цаашдын төлөвийг сонирхоход төрөлт эрс багассан хүн ам зүйн өөрчлөлттэй уялдан гадаад иргэдийг хууль ёсоор сурах, ажиллах нийгмийн нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, дутагдалтай хүний нөөцөө гадаадын иргэдээр нөхөж эдийн засгийн идвэхжилээ хадгалах бодлого баримталж байна. Солонгост оршин сууж байгаа гадаадын иргэдийн тоо 2030 онд гурван саяд хүрнэ гэж тооцож байгаа аж. Сүүлийн жилүүдэд визгүй монгол иргэдийн тоо буурч байгаа гэнэ. Хоёр тал визийн зөрчилтэй иргэний тоог бууруулж хууль ёсоор ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүст боломж олгосон, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх нь чухал гэдгийг онцолж байна.

Солонгост айл нүүлгэдэг гадаадын иргэдийн 32 хувь нь монголчууд

Солонгосын тал өөрийн Хууль зүйн яаманд бүртгэлтэй 25 мянган монгол иргэний дата мэдээлэлд суурилсан Солонгос дахь монголчууд гэсэн томоохон судалгааг саяхан танилцуулсан. Энэ судалгаанд дурдсанаар БНСУ-д оршин суугаа 55.8 мянга монгол иргэний 21.3 мянга нь богино хугацааны визтэй байна. Харин 2016-2023 онд Солонгост урт хугацаагаар оршин суух монгол иргэдийн тоо 61.4 хувиар өсчээ. Үүнд цар тахал нөлөөлснөөс гадна, тус улсад суралцах оюутны тоо өссөн аж. Хөдөлмөрийн зах зээлийн хувьд айл нүүлгэлтийн зах зээлд нийт 45 мянган хүн оролцдогийн 32 хувийг монголчууд эзлэх болжээ. БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн жилийн нийт орлого нь нэг их наяд вонныг давсан гэж таамаглаж байгаа. Харин Солонгос дахь монголчуудыг бусад орны иргэдтэй харьцуулсан судалгаагаар монголчуудын 60 хувь нь нийслэлийн бүсэд буюу бусад улсын иргэдийн дундаж 48.6 хувиас өндөр хувьтай байна.

"Солонгос дахь нийт гадаадын иргэдтэй харьцуулахад монголчуудын хувь хүний капитал өндөр. Оюутан олон, нас залуу. Боловсролын түвшин өндөр байна. Гэхдээ монголчууд ихэвчлэн жижиг компаниудад ажиллах нь зонхилдог. Монголчууд цалин хөлс бага, ажлын байрны сэтгэл ханамж ерөнхийдөө өндөр байгаа боловч бусад улсын иргэдийн дунджаас доогуур байна. Цаашид эх орондоо буцсан монгол иргэдийн нийгэмд дахин дасан зохицох байдал болон Солонгостой харилцаагаа хэрхэн хадлгалж байгааг судлах сонирхолтой байна."

Солонгос дахь монголчуудын 62.5 хувь нь их, дээд сургууль төгссөн байгаа нь бусад орны иргэдийн дундаж 37.2 хувьтай харьцуулахад тун өндөр. Үүн дотроо монгол оюутнуудын 35.2 хувь нь Солонгосын их, дээд сургуулийн боловсролын диплом авч байгаа нь бусад орны дунджаас хоёр дахин өндөр байна. Солонгост хөдөлмөр эрхэлж буй монголчуудын 74 хувь нь долоо хоногт 36-аас дээш цаг ажилладаг. Гэхдээ байнгын ажилтны эзлэх хэмжээ 62 хувь байгаа нь нийт гадаадын иргэдийн дундаж 75 хувь байгаагаас арай бага үзүүлэлт. Харин бусад улсын иргэдийн дундажтай харьцуулахад монголчуудын цалин харьцангуй бага. 25 хувь нь хоёр сая вонноос бага цалинтай бол 16 хувь нь гурван саяас өндөр цалинтай гэжээ. Бусад гадаадын иргэдтэй харьцуулахад монголчууд жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд голчлон ажилладаг. Харин нийт гадаадын иргэдтэй харьцуулахад ажлын байрны сэтгэл ханамж 53 хувь байгаа нь арай доогуур үзүүлэлт гэжээ. Солонгос дахь монголчууд орлогынхоо 41 хувийг өдөр тутмын хэрэглээнд, 21 хувийг орон байрны түрээсэнд, 20 хувийг шилжүүлэгт, найман хувийг хадгаламжид хийдэг гэх судалгааны дүнг харахад шилжүүлэг хадгаламжийн хувь бусад орноос харьцангуй бага юм байна.

Солонгос дахь монгол оюутнууд

БНСУ-д оршин сууж байгаа монголчуудын дотор оюутан залуусын хувь өндөр байгаа нь тус улсад амьдардаг нийт гадаад иргэдийн дотор монголчуудын боловсролын түвшинг харьцангуй өндөр хувьтай гарахад хүргэдэг гол үзүүлэлт. Монгол оюутнуудын эдийн засгийн үйл ажиллагааны онцлогийг судлахад 55.5 хувь нь суралцахын зэрэгцээ түр ажил эрхэлдэг бол 12.1 хувь нь байнгын ажилтан байна. Гэхдээ монгол оюутнуудын дийлэнх нь хоёр сая вонноос бага цалинтай ажил эрхэлж байна. Тэдний 60 хувь нь жижиг худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байгаа юм. Харин 33.3 хувь нь хичээлийнхээ хажуугаар ердийн хар ажил хийж байгааг судалгааны дүн харуулжээ. Монгол оюутнуудын 89 хувь нь визийн хугацаа дууссаны дараа ч үргэлжлүүлэн тус улсад амьдрах хүсэлтэй гэжээ. Тиймээс Солонгосын талаас тэдний төгсөлтийн дараах замнал, шилжилт хөдөлгөөнийг судлах шаардлагатай. Хоёр улсын харилцан хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Солонгост амьдарч буй болон буцаж ирсэн иргэдийн туршлагыг идэвхтэй ашиглах замыг эрэлхийлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Монгол Улсын хувьд ч Монгол дахь гадаад иргэдтэй холбоотой хэвлэлийн мэдээ болон нийгмийн сүлжээний мэдээллээс хамаарах хандлагын ялгаа, Монгол дахь гадаад иргэдийн эдийн засгийн үр нөлөөний цогц шинжилгээ гээд өргөн хүрээний судалгаануудыг хамтран явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.