
Өндөрт битгий хэл нам газартаа хийсгэчих шахсан дориун салхитай хаврын өдөр Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ил уурхайн талбай дээр зогсож байна. Бороо цас, салхи шуургыг үл ажран, хуваарийн дагуу зогсолтгүй ажиллах нь уурхайн онцлог. Тэдний ажил хариуцлагатай шигээ ажилчид нь ч дэл сул сэтгэлийн хөдлөлөө ил гаргадаггүй, хат суусан хүмүүс байдаг болов уу гэсэн бодол тус үйлдвэрийнхэн Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөлтэй уулзах үеэр төрсөн. ХэҮК-оос “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдрийг орон нутагт зохион байгуулж буйн хүрээнд ийнхүү Бор-Өндөрийн уурхайд ирээд буй нь энэ юм. Уулзалтын үеэр уурхайн удирдлагууд тулгамдаж байгаа асуудлын талаар хуваалцсанаас гадна ХэҮК хяналт шалгалтын хүрээнд уурхайн ажилчдаас санал асуулга авч, хүний эрхийн чиглэлээр ганцаарчилсан уулзалт хийсэн.
Бор-Өндөрийн уурхайд 90 ажлын байр эзэнгүй байна

Хот, хөдөө хаана ч төрийн болон төрийн өмчит байгууллагуудад тулгарч байгаа асуудлууд тун ижил юм. Тэр дундаа Тендерийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотой хүндрэлийг аль ч төрийн байгууллагын удирдлагын амнаас сонсож болно. Ялангуяа улсын эмнэлгүүд хэмнэлтийн хуулиас болж ямар хөөрхийлөлтэй байдалд ажиллаж байгааг иргэд мэднэ. Бор-Өндөрийн уурхайд л гэхэд гацсан, царцсан тендерийн асуудлаас болоод үйлдвэрийн процесст нөлөөлөх хэмжээнд асуудал болоод байгааг хэлж байна лээ. Өдгөө тус үйлдвэр 4000 гаруй ажилчинтай бөгөөд 90 гаруй ажлын байр эзэнгүй, хүний нөөцийн дутагдалтай байна. Гол шалтгаан нь орон нутагт ирж ажиллахад байрлах байр, нийгмийн асуудал нь шийдэгдээгүй учраас мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллахад хүндрэлтэй байдаг аж. Ажилчдаа алдалгүй үлдээх, нийгмийн нөхцөлийг нь сайжруулах гэхээр Төрийн хэмнэлтийн хууль нь тас зөрчилдчихдөг. “Нийгмийн асуудал хэцүү учраас манайд 10 хүүхэд төгсч ирсний 2 нь л үлддэг. Уурхайчин нэр зүүхийн тулд дор хаяж 8 жил нусаа хацартаа нааж байж мэргэжлээ жинхэнэ утгаар нь эзэмшдэг. Бор-Өндөрөөс одоо мэргэжилтэн шүүрдээд ч байхгүй. Энэ мэт асуудлаас үйлдвэрийн боловсон хүчний бодлого алдагдахад хүрч байна” хэмээн тус үйлдвэрийн захирал Б.Магсаржав ярьсан.
Энэ мэт хууль, журмын зөрчилтэй байдал, төрийн ажлын удаан, чанаргүй процессоос гадна төрийн өмчит компанийн толгой дээрх данхар бүтэц, санхүү, удирдлагын оновчгүй зохион байгуулалт гээд яривал барагдахгүй их зовлон дунд тэд ажилладаг юм билээ. Бор-Өндөрийн уурхай нь “Эрдэнэс критикал минералс” буюу хуучин нэрээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа гэж явдаг бөгөөд энэ газар нь өөрөө “Эрдэнэс монгол” нэгдэлд багтдаг аж. Энэ орооцолдсон гинж шиг удирдлагын тогтолцоогоор дамжиж шийдвэр гаргалт, санхүүгийн процесс нь өрнөдөг гэсэн үг. Энэ бүх хуулийн, бодлогын асуудлуудаас улбаалаад уурхайн хүнд нөхцөлд ажилладаг ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хөндвөл нэлээд эмзэг асуудал үүсэх нь тодорхой. Хэрэгцээт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь тендерийн удаашралаас болж, байхгүй нөхцөлд ажиллана гэдэг өөрөө эрсдэл. Гэлээ гээд уурхайн тэр том аппаратыг зогсоож болохгүй.
Д.Сүхбаатар: Монголын уурхайнуудаас Бор-Өндөрийн суурьгүй уурхайчин олохгүй шүү, үүнийг би нүүр бардам хэлнэ
ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх бусад уурхайгаас онцлог нь юу вэ?
-Манай уурхайн үйл ажиллагаа бол 1973 оноос эхтэй, хайгуулын ажил нь бүр 1950 хэдэн оноос эхтэй. Социалист системийн үед хайгуулын ажил хийгдээд, ЗХУ-ын Красноярскийн хөнгөн цагааны үйлдвэрийн технологид суурилж байгуулагдсан үйлдвэр. 1973-1981 онд туслах хайгуулын амыг ашиглалтад өгч, 1985 онд баяжуулах үйлдвэрийг бүрэн барьж дуусаад, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд байсан Герман Монголын хамтарсан уурхай хаагдахад дийлэнх ажилчид нь энд ирж байсан. Мөн тухайн үед илгээлтээр хүмүүс их явуулдаг байсан учраас 21 аймгаас залуус ирж ажиллаж байсан. Тэр ч утгаараа манайх монгол орны газар бүрээс цус сэлбэсэн иргэдтэй сум байгаа юм. Уурхайн хувьд соц үеийн төгсгөлд баригдсан учраас стандарт маш сайн хийгдсэн. Одоо ч тэр сууриараа явж байгаа.

-Уулзалтын үеэр сонсож байхад тендертэй холбоотой хүндрэлүүд танайд их гардаг бололтой юм?
-Манайх 2017 он хүртэл Монгол, Орос хоёр орны хамтарсан үйлдвэр гэж явж байлаа. 2018 оноос төрд бүрэн шилжсэнээр тендерийн хуультай хутгалдаж эхэлсэн. Тендерийн худалдан авалт, бараа нийлүүлэлтээс болж ажил асар удааширч байгаа. Жишээ нь хор саармагжуулах бүтээгдэхүүн л гэхэд тендерийн асуудлаас болоод хоёр жил бүтээгдэхүүнээ ч авсан юмгүй, санхүүжилтээ ч ашигласан юмгүй царцаачхаад байж байна.
-Бас боловсон хүчний дутагдал, цалин, нийгмийн хангамж гээд нэлээд асуудал байх шиг байна?
-Мэргэжлийн хүн ирээд ажиллая гэвч хөдөө орон нутагт байр орон дутагдалтай. Засгийн газрын бодлого нь хөдөө орон нутагт ажиллахыг дэмжинэ гэдэг ч үнэндээ хотоос хөдөө очсон залуусын цөөхөн нь л хөлөө олж үлддэг байх. Жишээ нь 887 өрхтэй хөдөөгийн суманд нэг нарийн мэргэжлийн эмч очлоо гэхэд байр орон, амьдрах нөхцөлөөр нь хангаж чадахгүй буцахад хүрдэг учраас өнөө төрийн бодлого маань биеллээ олохгүй байна. Яг л ийм асуудал манайд байгаа. Ажилчдадаа байр барья гэтэл төрийн өмчит байгууллага учраас хэмнэлтийн горимоор боломжгүй. Барилга битгий хэл өрөөндөө компьютергүй сууж байна шүү дээ. Байгаа цөөн компьютер нь пентиум 3 байх жишээтэй. Энэ өрөөнд гэхэд албаны ганцхан ширээ л байна, бусад нь бүгд хувийнх.
-Залуус төгсөөд хэсэг ажиллаж, туршлагажиж аваад л цалинг нь бодоод хувийн байгууллага руу явчихдаг гэж байсан?
-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд Бор-Өндөрийн суурьгүй уурхайчин олохгүй шүү, үүнийг би нүүр бардам хэлнэ. Оюутолгойн уурхай гэхэд 2011 онд намайг цехийн дарга байхад анхны босоо амны операторчид, дохиочдын сургалтыг манайд ирж авч байлаа. Тэгэхэд мэргэжлийн ганц хүн нь манайд байлаа. Мөн манайхаар дамжиж Оюутолгойд одоо ажиллаж байгаа 14,15 маркшейдер залуу байна, ашиглалтын инженерийнх тоог хэлж мэдэхгүй олон байгаа. Тэгэхээр манайх нэг талаараа далд уурхайн сургалтын бааз болсон. Зарим эцэг эх хүүхдээ төгсөөд ирэнгүүт энд нэг өрөө байр авч өгөөд л 3 жил ажиллуулж байгаад, одоо юм сурсан бол хүрээд ир гээд байрыг нь зарчхаад аваад явчхаж байгаа юм. Тэгэхээр энд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нь над шиг удам дамжсан уурхайчны хүүхдүүд, энэ орон нутгийн уугуул хүмүүс л байгаа.

-Энэ нутгийн унаган хүний хувьд уурхай орон нутагтаа өгөөжөө өгч чадаж байна уу?
-Би бол удам дамжсан уурхайчин. Миний аав Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Монгол Чехийн хамтарсан Модотын цагаан тугалгын үйлдвэр гэж байхад ажиллаж байсан юм. Тэнд би хүүхэд насаа өнгөрөөгөөд, 5-р ангидаа энд ирж байсан. Тэгээд геологи хайгуулын мэргэжил эзэмшиж төгсч ирээд л энд уурхайчин болоод өнөөг хүртэл 35 дахь жилээ ажиллаж байна. Уурхай бол сум орон нутгийнханд өгөөжөө өгсөн. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд сумын анхны дэд бүтцүүд бүгд уурхайн хөрөнгө оруулалтаар баригдсан. Одоо сумынхнаа ажлын байраар ханган, орон нутгийн удирдлагуудтай ойр хамтарч ажилладаг.
Ийнхүү стратегийн ач холбогдол бүхий уурхайгаа бодлогоор, хүний нөөцөөр дэмжих шаардлагатай байгааг ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсгийн энэхүү уулзалтын үеэр харагдаж байлаа. Тус үйлдвэрт хийсэн хяналт, шалгалтын дүн удахгүй гарах бөгөөд холбогдох шаардлага зөвлөмжүүдийг хүргүүлснээр ажилчдын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлд ахицтай алхмууд гарах биз ээ.
Д.Пүрэвсүрэн