
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны зургаадугаар сараас наймдугаар саруудын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Агаарын температур зургаадугаар сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна. Долоодугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С, наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8...12°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг.
Хур тунадасны хувьд зургаадугаар сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна. Долоодугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна. Наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм ордог.
Зургаадугаар сард сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйна. Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим байна. Харин бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа юм. Харин сарын нийлбэр хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтийн нутаг, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Долоодугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байх төлөв гарчээ. Сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зуны саруудад агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас VII сард баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр дунджаас бага байх хэдий ч VI сард нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр, VII сард нутгийн зүүн өмнөд хэсгээр, VIII сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу байх төлөвтэй. Иймд дулааны улиралд гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.