Тэрбум мод тарих амархан. Эхлээд 3.5 сая “мод” тарих ёстой. Тэгж чадвал хэдэн ч тэрбум мод тарьж, ургуулж чадна!
Нас бол зүгээр л тоо гэдэг шиг мод бол зүгээр л тоо. Ийм бодлоор тархи халаалт хийж байгаад гол сэдэв рүүгээ оръё. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эхний дөрвөн жилийн ажлын үр дүнг товч дүгнээд, тодорхой зүг чиг гаргахыг хичээлээ. Тэрбум мод гээд нэрнээсээ л тоогоор илэрхийлэгдсэн хөдөлгөөн учраас бүхий л мэдээ, тайлан нь дан тоо байхаас өөр аргагүй юм байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлагдаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 84 сая мод тарьжээ. Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хоёр дахь шат эхэлнэ. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангасан тул энэ жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх юм байна.
2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж 570 сая, гурав дахь шат буюу 2028-2030 онд 850 сая мод тарьж, ургуулна гэж төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жил тарьсан нийт модны хэмжээг дараагийн гурван жилд долоо дахин, сүүлийн гурван жилд бүр 10 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас гаргасан судалгаагаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага 32.3 хувиар нэмэгджээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж 15 хувиар нэмэгдсэн байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 62.9 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн аж.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бүх аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаа. Ихэнх нь амлалт, үүрэг авсан. Тухайлбал, Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгох зорилт тавьжээ.
3.5 сая & 00
Уул уурхайн 21 аж ахуйн нэгж 2030 он хүртэлх хугацаанд нийт 610 сая мод тарьж ургуулах, арчлан хамгаалахаа илэрхийлж санамж бичиг байгуулсан. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар энэ амлалт 1.99 хувийн гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд 2024 онд 12 083 922 мод тарьж, 7.6 сая модны тарьц суулгац бэлтгэжээ.
Уул уурхайн компаниудаас 2024 оны гүйцэтгэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 2.1 сая мод тарьсан байна. Тус компанийн нийт тарьсан модны тоо 2.5 сая болжээ. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойших дөрвөн жилийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 3.5 сая мод тарьсан үзүүлэлтээр тэргүүлж байна.
“Ойн инженер тэтгэвэрт гардаггүй”
Улсын хэмжээнд ХААИС, МУИС, ХААИС-ийн харьяа Дархан дахь Агроэкологи бизнесийн сургуулиуд ойн мэргэжилтэн бэлтгэдэг. Харамсалтай нь ойн мэргэжилтэн бэлтгэх ангид суралцах оюутан бараг байдаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, зарласан тэр үед буюу 2021 2022 оны хичээлийн жилд дээрх гурван сургуулийн ойн ангийг 10 гаруй оюутан төгсөхөөр суралцаж байв. Дараа жил нь буюу 2023 онд ХААИС-ийг ойн инженер мэргэжлээр зургаан оюутан төгсжээ. Харин 2023-2024 оны хичээлийн жилд ойн мэргэжлээр 289 оюутан суралцаж байгаа гэдэг статистик гарч байжээ. Үүнээс тухайн жилд 77 оюутан энэ чиглэлээр суралцахаар шинээр элссэн байна.
"Мод тарих аргаа мэдэхгүй байна гэдэг сургалттай холбоотой. Хамгийн гол нь экологийн боловсролыг дунд сургуульд олгож чадахгүй байна. Өнөөдөр хүүхдүүд ХII анги төгсөөд хуульч, эдийн засагч, гадаад руу явж эмч болно гэдэг. Олон их, дээд сургууль ойн инженерийн ангиар элсэлт авч чадахгүй байна. Яагаад гэвэл экологийн сонирхол, мэдлэгтэй болгож төгсгөөгүйтэй холбоотой."
Тэгвэл энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 оюутан суралцаж байна. Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр өсөж байгаагийн илрэл юм. Холбогдох яам, сургалтын байгууллагууд үүний зэрэгцээ 1000 сургагч багш бэлтгэжээ.
ХААИС өнгөрсөн 60 жилийн хугацаанд 1000 гаруй ойн мэргэжилтэн бэлтгэн гаргасан байдаг аж. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 23 мянган ойн мэргэжилтэн хэрэгтэй гэсэн тооцоо гаргасан байдаг.
Хөрсөнд мод, тарьц суулгахаас илүү тархинд мод ургуулах нь чухал ажээ. Тиймээс 3.5 сая “мод” тарьж чадвал тэрбум мод тарих амархан гэж эхэнд дурдсан юм. Уул уурхайн компаниуд тэргүүлээд хэдэн арван саяар тоологдох мод тарьж, банк, санхүүгийн байгууллагууд түүчээлээд “Тэрбум мод” хөдөлгөөнийг санхүүжүүлж байна. Улиг болтол нь ярьдаг нэг үг бол “Мод тарих амархан, ургуулах хэцүү”. Үнэн юмыг улиг болтол давтахаас өөр аргагүй. Мод тарих нь механик үйлдэл. Үүнд нарийн технологи мэдээж хэрэгтэй. Мод ургуулах нь бараг л 100 хувь хүний оюун, тархи, сэтгэлгээний үйлдэл гэж хэлэхэд болмоор санагдана. Механик үйлдлээ тоолоод тэрбум гэдэг тоонд хүргэх амархан. Түүнийхээ үр дүнг тооцвол өөр хариу гарна. Тэрбум мод гэдэг бол зүгээр л тоо. Харин үйлдэл, үр дүн хоёрыг тэнцүү байлгая гэвэл иргэддээ байгаль экологийн боловсрол, мэдлэг олгох, сэтгэлгээг нь өөрчлөх, шууд утгаараа ойн мэргэжилтнүүдийг олноор бэлтгэн гаргах хэрэгтэй ажээ.